НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад хандлаа
2010.11.09

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад хандлаа

Өнөөдрийн байдлаар 4 аймгийн 18 суманд шүлхий өвчин илэрсэн бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 42 сумын 3,7 сая малыг вакцинжуулсан.

Цаашид Дорноговь, Говьсүмбэр, Төв, Дундговь, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын 7,4 сая малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 4,2 сая тун вакцин, үйлчилгээний хөлс болон багаж хэрэгсэл авахад нийт 2,2 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  М.Энхболд хэлэв.

 Тэрээр 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзан энэ талаар ярилцаж тусламж хүслээ.

Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд шүлхий өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа талаархи мэдээллийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дээд газартаа хүргүүлсэн бөгөөд ХХААХҮ-ийн сайд ч захидал илгээсэн. Захидлын хариу удахгүй ирнэ гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч хэллээ.

Сүхбаатар, Дорнод аймагт 2010 оны 4 дүгээр сард гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхийн тулд Засгийн газар 6 удаа шийдвэр гаргаж улсын төсвөөс 5 тэрбум 800 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Үүний 2 тэрбум 70 сая төгрөгийг вакцин худалдан авахад, 2 тэрбум 350 сая орчмыг зориудаар устгасан малын нөхөн олговорт, 800 саяыг үйл ажиллагааны зардалд зориулсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.