Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө
2010.09.04

Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө

Сүхбаатар, Дорнод аймагт гарсан  мал, амьтны  гоц халдварт шүлхий өвчний цагийн байдлын талаар Улсын Онцгой комисс 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хуралдлаа.


 Хуралдааны эхэнд Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Дамдиндорж мэдээлэл хийлээ.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн малчин З-гийн суурьт 2010 оны 8-р сарын 29-ний өдөр 3 үхэр шүлхий өвчний сэжигтэй байна гэсэн дуудлагын дагуу тус сумын малын эмч үзлэг хийхэд шүлхийн шинж тэмдэг илэрсэн тул зохих дээжийг УМЭАЦТЛ-т илгээсэн байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарч Дорнод аймгийн Чулуухороот суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр үхэр өвчилсөн болох нь батлагдлаа.

 

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг сумын төвөөс зүүн тийшээ 60 км-ын зайд Гүн жалга гэдэг газар нутаглаж буй малчин С-ын суурьт 30-гаруй хонь, ямаанд мал, амьтны гоц халдварт өвчин гарчээ

 

Одоогоор мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт гарснаас хойш 4 голомтод нийт 23 өрхийн 15251 мал байгаагаас 968 нь өвчтэй буюу өвчлөл нэмэгдсээр байна.

 

Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад, Булган сумдын зааг нутагт өвчтэй зээр, зээрийн сэг зэм их байгаа бөгөөд тэдгээрийг устгах шаардлагатай байгаа гэж тэрбээр мэдээлэв.

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга М.Энхболд дээрх мэдээлэлтэй холбогдуулан холбогдох хүмүүст дараах үүргийг өглөө.

 

-УМЭАЦТЛ-ын оношинд тулгуурлан холбогдох зааврын дагуу өвчин гарсан нутагт хорио цээр, устгал, ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай хийх,

 

-ДЭМБ-ын зааврын дагуу дээж бэлтгэж ОХУ-ын Владимир хот дахь Мал хамгаалах хурээлэнгийн шүлхий өвчний бүсийн лавлагааны лабораторид яаралтай хүргүүлж онош баталгаажуулах, вирусын удам зүйн мэдээллийг нарийвчлан судлуулах,

 

-Хорио цээрийн арга хэмжээг цэрэг, хүчний байгууллагатай хамтран хэрэгжүулэх, өвчний голомт бүхий аймгуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохих хязгаарлалтыг хийх, өвчин гарсан газруудад Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах, хөл хориог зохих хууль журмын дагуу зохион байгуулах,

 

-Шүлхий өвчин гарсан нутагт тандалт судалгаа явуулж, Сүхбаатар, Дорнод аймгуудын хил дагуу үхсэн, өвчтэй зээрийн сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэх арга хэмжээг яаралтай авах, чанартай зохион байгуулах,

 

-Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгаас үржлийн болон нядалгааны зориулалтаар бусад аймаг, нийслэлд мал шилжүүлэхгүй байх,

 

-Өвчний голомт бүхий орон нутгийн чанартай зарим замыг хааж, маршрутыг өөрчилж, улсын чанартай замд нэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж ажиллуулах,

 

-Шүлхийн үүсгэгч хүйтэнд тэсвэртэй, малын дархлаа буурахад дахин дэгдэлт гарч болзошгүй эрсдэл ихтэйг учир Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймаг болон Улаанбаатар хотын нийт малд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, вакцинжуулан дархлаажуулах ажлыг даруй гүйцэтгэхийг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болголоо.

 

Хуралдаанаар шүлхийн голомт бүхий Дорнод, Сүхбаатар аймгуудад тус бүр 50 сая төгрөгийн эх үүсвэрийг шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд 10 сая төгрөгийн үх үүсвэрийг ариутгалын бодист зориулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Сүхбаатар аймагт ариутгалын машин өгөхөөр  шийдвэрлэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.