Өмнөговь аймагт томуугийн а хүрээний  /h1n1/ вирус хурдтай тархаж байна
2009.12.15

Өмнөговь аймагт томуугийн а хүрээний /h1n1/ вирус хурдтай тархаж байна

2009 оны 12 дугаар сарын 15-ны 01 цагийн байдлаар Онцгой байдлын Ерөнхий газраас авсан мэдээгээр Өмнөговь аймгийн Булган суманд 102 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ.
28 хүүхэд эдгэрсэн бол 74 хүүхэд сургуулийн дотуур байранд эмчлүүлж байна. 21 хүүхэд томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр өвчилснөөс 11 настай Д-ийн биеийн байдалд хүнд байна.

Сумын Засаг дарга захирамж гарган өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоосон бөгөөд аймгаас эрүүл мэнд, онцгой байдлын хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.

Мөн аймгийн Баян-Овоо суманд 23 хүүхэд томуу, томуу төст өвчин туссанаас 10 орчимд нь томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн сэжиг илрээд байна.

Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг хуралдан Өмнөговь аймгийн Булган, Баян-Овоо суманд ажиллах нарийн мэргэжлийн эмч нарын багийг өнөөдөр явуулах, маргааш онгоцоор Тамифлю эм илгээхээр шийдвэрлэлээ.

Манай улсад ирэх ёстой 60 мянган хүн/тун вакцины түрүүч 5 мянган хүн/тун вакцин ирлээ. Эрүүл мэндийн яам вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст эхэлж хийх бэлтгэл ажлаа хангасан байна.

2009 оны 12 дугаар сарын 15-ны 10 цагийн байдлаар томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр 1194 хүн өвчилж 27 хүн нас бараад байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.