Вирусийн эсрэг “Дэлхийн зөн” байгууллага 500 мянган ам доллар зарцуулна
Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн тархалтын эсрэг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага 500 мянган ам долларын өртөг бүхий урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлнэ.
Тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Снэри 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа ингэж хэлсэн байна.
“Дэлхийн зөн” байгууллага өнгөрсөн 7 хоногт судалгаа, үнэлгээ хийн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу нийслэл хот болон орон нутагт “Өрхөөс өрхөд” гэсэн зарчмаар эмзэг бүлэг, жирэмсэн эхчүүд, сүрьеэ, уушигны өвчтэй хүмүүс, бага насны хүүхдэд илчлэг ихтэй хоол тэжээлийг Эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгох болжээ. Ойрын гурван сард гэхэд л 12 мянган хүүхэд хоол, тэжээлийн туслалцаа авах боломжтой. Мөн иргэдэд нүүрс, гар ариутгах шингэн, дулаан хувцас, гэрийн дулаалга, өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай байгаа наад захын материал өгөхөөр төлөвлөөд байна.
Томуугийн А хүрээний вирусийн тархалт, хийж байгаа ажлын талаар Шадар сайд М.Энхболд товч танилцуулж вакцин худалдан авах боломжийг байгууллагынхаа шугамаар судлахыг хүссэнийг Дэлхийн зөн байгууллагын суурин төлөөлөгч Алекс Снэри хүлээн авлаа.
Тус байгууллага вирусийн тархалтын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил зөв, үр дүнтэй байна гэж үнэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлээ.