Хужирбулангийн хүүхдүүд төрийн өмчит цэцэрлэгтэй боллоо
203 дугаар цэцэрлэг
2015.05.09

Хужирбулангийн хүүхдүүд төрийн өмчит цэцэрлэгтэй боллоо

Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гурав дахь цэцэрлэгийн нээлт өчигдөр боллоо. Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хороолол. Гэр хорооллын бүсдээ алслагдсанд тооцогддог 28 дугаар хороо ийнхүү төрийн өмчит цэцэрлэгтээ болсон юм.

Монгол залуусын хүч хөдөлмөр ухаан зарсан “Эзо Хаус” компанийн барьж босгосон 203 дугаар цэцэрлэгт Хужирбулангийн харьяалалтай 150-200 хүүхэд сурч, хүмүүжих юм байна. Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, С.Гантулга, Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг болон албаны бусад хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дашрамд дурдахад, “төрийн бодлогыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажилласаны дүнд 2013-2015 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр байгуулагдсан байна. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2126-аар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 70 хувьтай болжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 35, төрийн бус өмчийн 102 цэцэрлэгт 17081 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин суралцаж байна” хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.