Багш нар туршлага солилцлоо
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн багш нарын “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвөлгөөн”-ийг амжилттай зохион байгуулав. Зөвөлгөөнд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон дүүргийн 154 цэцэрлэг, 37 сургуулийн 580 багш, удирдлагууд оролцлоо. Цөм хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд дүүргийн төрийн болон төрийн бус 155 цэцэрлэгийн 20 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 38 сургуулийн 50 орчим мянган сурагч, 4500 багш уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нээсэн бөгөөд “Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр Баянзүрх дүүрэгт амжилттай хэрэгжиж байна. Хүүхэд нэг бүрийг нээн хөгжүүлэх, сурагчдад номыг бүтээлчээр унших соёлыг төлөвшүүлэхэд багш, эцэг эх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолсон юм. Дашрамд сонирхуулахад, Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт суралцагчдын 93 хувь буюу 65 мянган сурагч дугуйлан, секц, клубт хамрагдаж байгаа аж.