Тавантолгойг шийдэх эсэх нь эргэлзээтэй болчихлоо
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2015.05.12

Тавантолгойг шийдэх эсэх нь эргэлзээтэй болчихлоо

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. 

-Нэг хэсэг гол сэдэв байсан Тавантолгойн гэрээний тухай асуудал сүүлийн өдрүүдэд нам жим болчихлоо. Энэ гэрээг ярихаар улстөрчид дэмжинэ, эсвэл үгүй гээд хоёр тал болчихдог. Таны хувьд аль талд нь багтах вэ? 

Дэмжинэ, дэмжихгүй гэхээр олон нийт буруугаар ойлгоод байгаа юм. Ингэж талцаад байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа. Өөр хоорондоо талцахын цаана янз янзын эрх ашиг яригдаад байгаа юм. Би хувьдаа юуг нь дэмжиж байна вэ гэхээр Тавантолгой, Оюутолгой гэдэг том ордыг Монгол Улсаа хөгжүүлэх, төрийнхөө үйлчилгээг санхүүжүүлэх, төсвийнхөө орлогыг бүрдүүлэх гол аргаа болгож, эргэлтэд оруулахыг дэмжиж байгаа.

Нэг ёсондоо, эдгээр ордыг яаралтай эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд гаргах буюу нүүрсээ борлуулах нь чухал байна. Ер нь уул уурхайн бүтээгдэхүүнийг хамтарч ашигладаг, хөрөнгө оруулалт хийдэг, олборлодог арга механизм дэлхийн улс орнуудад түгээмэл байна шүү дээ. Латин Америкийн орнууд болон Канад, Чили зэрэг хөгжилтэй улс уул уурхайн бүтээгдэхүүн олборлож байна. Зарим нь өөрсдөө баяжуулахаас гадна хүдэр хэлбэрээр гадагш нь худалдаж байх жишээтэй. Тиймээс энэ гэрээ хэлцлийг хийх, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргаж, худалдах арга механизм бол учиргүй олон боть судлах эсвэл шинэ кино хийх гээд санаа нь орж ирэхгүй удаад байх зүйл биш.

Тавантолгойн гэрээг УИХ-аас 2010 онд Засгийн газар хөрөнгө оруулагч олж, олон улсын төвшинд сонгон шалгаруулалт зарласнаар гэрээ байгуулж, дэлхийн зах зээл дээр гарга. Ингэснээр төсвийнхөө орлогыг бүрдүүл гэдэг шийдвэрийг гаргасан байдаг юм. Үүний дараагаар буюу 2011 онд баахан сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл эдгээрийн үр дүн одоо хэр нь байхгүй. Товчхондоо, энэ гэрээ дэндүү удаан байна гэсэн үг. Тавантолгойн гэрээг шударгаар, улс орны хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх ашигт нийцүүлээд байгуулчих аавын хүү, Засгийн газар, Монголд байхгүй байна гэж үү дээ гэж л харамсч сууна. 

-“Яарвал даарна” гэж ярих хэсэг бий. Тавантолгойн гэрээг яаралтай батлахын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Мэдээж эдийн засаг хямарсан энэ үед эргэлтэд орсон цагаасаа эхлэн үр өгөөжөө өгөх төсөл гэдэг талаас нь олон нийт харж байгаа байх л даа? 

Бид алгуурлахын хэрээр хөгжил дэвшил ухарч байна. Манай залуучууд хэдийг хүртэл ажилгүй зэвэрч хэвтэх юм, төрийн албан хаагчид сарынхаа орлогыг хүнд хэлэхээс ичиж амьдрах юм бэ. Иймээс л бид яарах ёстой. Мэдээж эдийн засгийн гол хууль өөрөө цаг хугацаанд тулгуурладаг. Тиймээс цаг хугацаа алдана гэдэг маш их нөөцөө алдаж байна л гэсэн үг.

Цаашлаад бид шилжилтийн цаг үе гээд үндэснийхээ баахан үйлдвэрийг устгаад, мэргэшсэн ажилчин ангиа байхгүй болгочихсон шүү дээ. Үндсэндээ зүгээрийг хийдэг ард түмэн болоод хувирчихлаа. Нэг хэсэг нь төрийн алба хашиж байгаа дүр эсгэдэг, зүгээр цалин авдаг. Дийлэнх нь зүгээрийг хийгээд зогсохгүй хөгшчүүлийнхээ тэтгэврийн мөнгийг хүлээгээд суудаг болчихлоо. Энэ бол маш том эмгэнэл. 

-“Энержи Ресурс” компани их хэмжээний өртэй учраас гэрээнд оролцуулах эсэхийг судалж байна Мэдээж энэ нь Тавантолгойн гэрээ гацах бас нэг том хөшүүрэг болчихлоо л доо Тэгэхээр одоо яах ёстой юм бэ. Бидэнд өргүй компани олдох боломж байгаа юм уу? 

Өргүй хүн, компани, улс орон хаана байгаа юм. Дэлхийн улс орнуудыг тухайлан судалбал хөгжсөн нь ч гэсэн дааж давшгүй их өртэй л байдаг юм билээ. Бид ч гэсэн зөндөө л өртэй байсан. Одоо ч төлж дуусаагүй өр бий. Ер нь III, IV хороолол болон XIII дугаар хороолол гээд бүгдээрээ л өрөөр бий болж байсан юм шүү дээ Цаашлаад их, дээд сургуулиудыг байгуулж, бид ч гэсэн ажилтай байх боломж бүрдэж байлаа. Гэтэл өнөөдөр өргүй хүн л юм хийдэг гэдэг зүйлийг яриад, “Энержи Ресурс” өртэй байна гэж тал бүрээс нь маажиж малтаад, ард түмнийхээ эрх ашгаар тогломооргүй байгаа юм. Ер нь нэг сонгон шалгаруулалт зарлачихаад элдэв шалтаг тоочоод байж болохгүй. Хамгийн энгийн жишээ татахад, тэдэн сарын тэдэнд их насны морь уралдуулна гээд зар түгээчихсэн.

Өнөөх уралдаанд нь уяачид морио уралдуулахын тулд сойлго юуг нь тааруулж, баахан хөрөнгө хүч зараад, товлосон өдөр морио ачаад ирэнгүүт “Ер нь их насны морь уралдуулах нь буруу юм байна. Тиймээс даага уралдуулах хэрэгтэй. Даага хөөрхөн, даага уралдуулах нь зөв” гэчихлээ шүү дээ. Энэ мэтээр Тавантолгой дээр гэрээний нөхцөлийг хэдэнтээ хувиргаж байгааг би хувьдаа сонгон шалгаруулалтынхаа зарчимтай зөрчилдөж байна гэж харж байгаа Нөгөө талаас 100 хувь төрийн өмчийг дотор нь дахиад 51 хувь гэж яриад байгаа нь хэр зохимжтой юм. Ард түмэнд таалагдахын тулд нийтэд тааруулж, мэдээлэл цацаж болохгүй шүү дээ. 

-Засгийн газар шийдчих хэмжээнд хүрчихсэн байсан төслийг УИХ татаж авчирснаар гацаа үүсчихлээ л дээ. Үндсэндээ УИХ нь Засгийн газраа муухай харагдуулах сонирхолтой байгаа ч юм шиг харагдаад байна л даа. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Энэ гэрээнд нэлээд нухацтай хандаж, олон улсын төвшинд байдаг жишгийн дагуу хурдан хийх хэрэгтэй. Ер нь УИХ нь Засгийн газраа “Бид хууль тогтоох байгууллага, бид та нарыг томилдог Огцруулж, татна” гэх мэтээр өглөө үдэшгүй дарамталсаар байгаад сүүлдээ өнөөх Засгийн газар маань дуу нь ч гарахаа больчихлоо шүү дээ. Энэ Засгийн газар ямар ч чадамжгүй гээд байх юм.

Гэтэл нэг жижигхэн аж ахуйн гэрээ хийчих чадваргүй Засгийн газартай юм бол бид “Туурга тусгаар Монгол Улс гэж дэлхий нийтэд хашгираад яах юм. Ийм байхад АНУ-ын Монголд суугаа төлөөлөл “Хэтэрхий тэнэг л биш бол Монголд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй” гэж хэлсэн нь зөв ч юм шиг харагдаад байгаа юм. Манай урд хөрш ч гэсэн хэлж байгаа шүү дээ. “Ээ мэдэхгүй, танайд хөрөнгө оруулалт хийх тэнэг хятад байх юм уу” гэж байна. Энэ бүхэнд бид дүгнэлт хийх л хэрэгтэй байна. 

-Тавантолгойн гэрээг хэлэлцэх горим ер нь ямар байдлаар яваад байна вэ Одоогоор бүгд л ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээсэн байдалтай байна. Гэтэл хэлэлцэх эсэхийг нь ч хэлэлцээгүй байгаа шүү дээ? 

Зарим хүн “Тавантолгойг хэлэлцэх горимд алдаа гарсан” гэж тайлбарлаад байгаа. Хууль тогтоох байгууллага тэр гэрээг оруулж ирчихээд нэг өгүүлбэр, таслал буруу байна гээд байх нь зарчмын хувьд буруу. Ер нь хуульд нийцэж байгаа эсэх нь л чухал шүү дээ. Дараагийн нэг асуудал нь энэ гэрээний хэрэгжилттэй холбоотой тогтоол гаргаж, Засгийн газар болон гэрээ байгуулагч талуудад үүрэг даалгавар өгөх ёстой. Ингээд уг тогтоолоо хэлэлцээд баталчихвал болох юм л даа. 

-Ер нь Тавантолгойг гацаах сонирхол улстөрчдөд байна. Тэр дундаа АН- ынхан энэ гэрээнээс болоод дотооддоо “хагарч” эхэллээ гэдэг мэдээлэл их гарах боллоо. Үнэхээр асуудал цэгцрэх биш улстөрчдийн амны зугаа болоод замхарчих юм биш биз дээ?

 Энэ талаарх бүх мэдээллийг би уншиж байгаа. Ер нь улс орны хөгжил дэвшил явахгүй, сумандаа хүртэл улстөржилттэй болчихсон байна шүү дээ. Бүр сүүлдээ аргаа барсан иргэд хэлж байна. “Бид улстөргүйгээр тайван, мөрөөрөө амьдармаар байна. Ийм боломжийг бидэнд олгож өгөөч” гэж байна. Энэ мэтээр төрийн бүх шатанд улстөрждөг байдлаасаа салмаар байна. Энэ бол тогтолцооны гажилт Бид энэ мэтийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа ч гэсэн өөрчлөлт оруу лаад явахад буруудах зүйлгүй 

-Энэ хаврын чуулганы хугацаанд Тавантолгойн асуудлыг хэлэлцээд нэг тийш болгож чадах болов уу. Хугацааны хувьд амжихааргүй харагдаад байна л даа?

Ер нь л их түвэгтэй болчихлоо Тавантолгой төсөл мөддөө бүтэхгүй болох хандлага руугаа эргэлээ 

-Эдийн засгийн байнгын хорооны даргатай уулзсаных өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг ер нь ямар байдалтай байна вэ. Оюутолгой, Тавантолгой мэт томоохон төслөө хөдөлгөхгүй л бол ёроолдоо тулчихсан гэх юм? 

Ер нь хүнд байгаа. Үүнийг ерөөсөө нууж хаагаад байх хэрэггүй. Бид бүтээн байгуулалтуудаа хийж чадахгүй байна. Одоо бүр сүүлдээ цалингаа яаж тавих асуудлыг яриад эхэллээ. Цаашлаад эмнэлгүүд ч гэсэн хэвлэлээр мэдэгдэл хийгээд эхэлчихлээ. Ирэх сараас эм, тариагаа тавьж чадахгүй нь гэж байна. Ер нь төрийн албан хаагчдынхаа цалинг дүнгэн данган тавьж байгаагаа “Бид ажиллаж байна. Засгийн газар ажлаа хийж байна. Улс орон урагшилж байна гэж хэлэх ямар ч боломжгүй. Бодит байдал дээр ганц хүрз шороо хаяж чадахгүй болчихоод байна шүү дээ.

Цаашлаад өнгөрсөн онуудад хийлгэсэн ажлынхаа төлбөрийг аж ахуйн нэгжүүдэд өгч чадахгүй байна. Гэтэл өнөөх бүтээн байгуулагчид маань ажлаа гүйцэтгэхийн тулд арилжааны банкнуудаас маш их хэмжээний өндөр хүүтэй зээл авчихсан байдаг Ингээд ерөөсөө бие биенээ татаж унагахад бэлэн болчихож. Энэ бүх байдлыг төр засаг тооцох ёстой. Өнгөрсөн боломжийн үнэ цэн гэж байдаг. Бид хамаг боломжоо алдаж байна. Цаашдаа үнэ цэнээ ч алдаад л байна. Ер нь Монголын төр үеийн үед Тавантолгой гэдэг баялаг ордыг эргэлтэд оруулж, ашиглая гэж чамгүй л хөөцөлдөж байсан баримт материал байдаг. Тэр үед хоёр том системийн хоорондын зөрчилдөөн гэх мэтээс шалтгаалаад дорвитой үр дүнд хүрээгүй.

Харин өнөө цагт дэлхий даяарчлагдахын хэрээр бидэнд дэндүү их боломж үүсч байна. Хамгийн гол нь бид бүтээн байгуулалтаа хийгээд дэд бүтцийг нь барьж байгуулах нь чухал. Хийж чадахгүй бол чадах хүмүүсийг нь уриад ажлаа явуулах хэрэгтэй. Ер нь аливаа гэрээ хэлэлцээр хоёр талын ашиг сонирхол, үр дүнгүй байна гэж ерөөсөө байхгүй. Тийм учраас баялгаа өрсөлдөх чадвартай болгоод явах хэрэгтэй шүү дээ. Ийм нөхцөлд манай татварын орчин тогтвортой байх ёстой. Цаашлаад бид амласнаа биелүүлдэг байх хэрэгтэй. Найдвартай түншлэгч баймаар байна.