Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган эхэллээ
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.05.15

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган эхэллээ

Байгаль хамгаалах  нөхөрлөлүүдийн үндэсний чуулган өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэллээ.

БОНХАЖЯ, Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж буй уг чуулганд  21 аймгийн 800 байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа юм. Чуулганыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нээж үг хэлэв. 

Тэрбээр,  уудам эх орны өнцөг  булан бүрээс хүрэлцэн ирсэн  байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгчид болон  чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан олон улсын болон салбар  байгууллагуудад талархал илэрхийлэв. Мөн “Өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг арвинтай, хүн цөөнтэй манай орны хувьд байгалиа нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулж, байгалийн нөөцөө давуу эрхээр ашиглаж, амьдрал ахуйгаа сайжруулдаг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ менежментийг нэвтрүүлэх тухай холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Байгаль, хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг “АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ ХҮНИЙ САНАА НЭГ” уриан дор зохион байгуулж байна. 

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт, туршлага, гаргасан алдаа дутагдлыг авах гээхийн ухаанаар цэгнэн дүгнэж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замаа оновчтой  тодорхойлж, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тогтоож, бүх нийтэд түгээн дэлгэрүүлэхэд  Үндэсний  чуулган бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нээлтийн үгэндээ хэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй уг чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар илгээлт, мэндчилгээ ирүүллээ. Тэд ногоон ирээдүйн төлөө орон нутгийн үүсгэл санаачилгын иргэдийн хөдөлгөөнийг дэмжиж, төр, засаг, төрийн бус байгууллага хамтран үндэсний хэмжээний томоохон чуулганыг санаачлан зохион байгуулж буй БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлсэн.

Мөн энэ чуулганы үр дүнд орон нутгийн байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа шинэ шатанд гарч, байгаль хамгаалалд ахиц дэвшил гарч, төр, иргэний итгэлцэл, хамтын ажиллагаанд эерэг үр дүн гарна гэж  итгэж байгаагаа илгээлт, мэндчилгээнд өгүүлжээ. 

Чуулган БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын үндсэн илтгэл болон салбар илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.