М.Энхболд: Наадамчин олондоо барих сайхан бэлэг боллоо
Хүй долоон худаг дахь "Ү", “Г" зөвшөөрөлтэй зогсоол хүртэлх шороон замд жолооч нар тоосонд даруулан явдаг байсан бол өнөө жилээс цоо шинэ хар замаар давхих боломжтой боллоо. Төв замаас хурдан морины уралдааны бариа хүртэлх 3,6 км авто замыг "Ялгуулсан", "Пауэр ложистик", "Төгс зам", "Цүүрдэл" зэрэг дөрвөн компанийн 100 гаруй замчин Засгийн газраас гаргасан 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 21 хоногт хийж гүйцэтгээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст өчигдөр хүлээлгэн өглөө. "Сайхан зам болсон байна. Замчид маань богино хугацаанд сайн ажиллажээ. Энэ зам наадамчин олондоо барих сайхан бэлэг боллоо" гэж Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд шинэ замын нээлтийн тууз хайчлахдаа хэллээ. Тэрбээр Хүй долоон худгийн тохижилтын ажилтай дараа нь танилцсан юм. Бэлтгэл 100 хувь хангагджээ. Морь шүдлэх, айрагдсан морьдыг хаших хашаа болон морины зурхай, үзэгчдийн суудал зэргийг засаж, будаж тохижуулсан байна. Мөн найман хаалга бүхий хоёр "'жорлон нэмж барьж, био жорлон 24-ийг байрлуулж. Хүй долоон худагт 150 гаруй аж ахуйн нэгж нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авчээ. Өөрөөр хэлбэл, тэнд хуушуурын 150 гэр барих бөгөөд эхнээсээ гэрээ барьж эхэлжээ. Үүнээс гадна жижиг худалдаа эрхлэх 80 гаруй зөвшөөрөл олгосон байна.