Америкийн Ялалтын Өдөр
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг болоход түүний эхнэр Мишел Обама “Хар арьстан хүн ерөнхийлөгчөөр сонгогдлоо, ямар сайхан оронд бид амьдарч байна вэ!” хэмээн дуу алдаж байсныг санаж байна.
“Аймхай нохой дуугуй зуудаг” хэмээн найзын маань хэлсэн үг гэнэт санаанд орлоо. Хэн нэгэн хүний тухай надад сануулж байсан юм. Өөрөө сэтгэж, хөдөлмөрлөж, шинийг бүтээдэг нэгэн байхад өөрийгөө нээж, олж чадаагүй хоосон нь өрөөлийг хуулбарлаж суух нь элбэг. Гэтэл амаараа тунхаглаж чадахгүй “бухимдлаа” дуугүйхэн тээж явах нь “атаач” хүний амьдын там байдаг бололтой. Яаж ч сарвайгаад хүрч чадахгүй "хүч" түүнийг шаналгаад байвал ядаж дотроо дэмий мөрөөдөж явах нь хэцүү байдаг юм болов уу даа. Авъяас гэдэг “эзэмшсэн” хүндээ гайхамшигтай урлаг. Харин тэр урлагыг гайхамшигтайгаар илрүүлж, хөгжүүлж, эзэмшүүлж, “шүтээн” болгон дээдэлдэг орон бол Америк. Хүн бүхэн сод билэгтэй төрдөггүй нь харамсмаар, бас бардмаар. Америкчууд оддоороо, олсон бүхнээрээ бахархахдаа ямагт эрх чөлөөндөө баярладаг. Насан туршдаа тэмцэж, эрмэлзэж, бүтээж ирсэн үнэт зүйл нь болохоор яаж ч сайрхахгүй, хайрлахгүй байх юм...
50 том "улс" нэгдчихээд хамтдаа дээш "өгсөөд," харин монголчууд шиг өөрөөсөө илүү яваа нэгнээ доош нь "түлхэхгүй"-ээр амьдраад л байгаа юм даа.
Өчигдөр буюу 7 дугаар сарын 4-нд Америкийн Нэгдсэн Улсын Тусгаар Тогтнолын Баярын Өдөр болж өнгөрлөө. Америкчуудын хамгийн хайртай өдөр.
Америкийн Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамт Цагаан Ордоны тагтан дээр заларч, хөгжмийн найрал эгшиглэн, цэргийн ар гэрийнхэнд хүндэтгэлийн зоог барьж, Америкийн генерал Америкийн далбаан дүрс бүхий бялуу зүсэж, Америкийн туг намируулсан сүрлэг жагсаалууд Америкийн гудамжыг дүүргэж, Америкийн тугны өнгөөр хувцасласан ард түмэн Америкийн бахархлыг гайхуулан догдолж, Америкийн шөнийн тэнгэрт галт бөмбөлөгүүд шуугин цацарсаар америкчуудын, ардчилалд хайртай дэлхийн ард түмний баярын өдөр өндөрлөв.
Эрх чөлөөг хүн гараар бүтээдэггүй ч эрх чөлөөтэй хүн юуг ч бүтээж чадна гэж урамшуулдаг нь Америкийн Мөрөөдлийн нууц, амжилт билээ.