Монголын авьяас билигт Чинбай хатан
Хонгирад аймгийн Анчин ноёны охин Чинбай анх түрүүн ордонд орох үед Хубалай хааны татвар хатан байв. Тэр хубилай хааны их сууринг залгамжлахаар шилэгдсэн хунтайж Чингэм, Аншиван (барууныг тохинуулагч ван), Мангала, Бе Анван (умарыг тохинуулагч ван) Номхон зэрэг гурван хөвгүүн төрүүлжээ. Чинбай хатан төрөлхийн цэцэн сэргэлэн бөгөөд учир явдлыг шийдвэрлэхэд тун нарийн хянамгай хүн байсан юм.
Чинбай хатан төрийг барилцах болов
1262 онд Чинбай хатан Хубилай хааны гол ордны Ховангү өргөмжлөгдөв. Түүнээс хойш Чинбай хатан үргэлж Хубилай хааны хажууд сууж төрийн хэргийг хамтаар шийдэх болжээ. Нэгэн өдөр Хубилай хааны торгон цэргийн ноён ордонд орж ирээд: “Миний захиргаан доорх олон цэргийн агт хүлэг бэлчээр өвсөөр дутагдаж байгаа тул нийслэл хот (Бээжин) орчмын 500 газар доторх тариан газрыг атаршуулж адууны бэлчээр болгоё!” гэж гуйв. Хубилай хаан зөвшөөрөхөөр байтал Чинбай хатан “Торгон цэргийн ноён та энэ саналаа юунд тус хотыг буулган авах үед дурдаагүй билээ? Одоо ард иргэд нэгэнт суурьшчихсан гэж хэлэв. Хубилай хаан удтал бодолхийлээд “Чинбай хатны үг зөв байна. Алтан улсыг буулган авах үед энэ асуудлыг хэлэлцэж тогтсон бол ард иргэд урьдын хаандаа гомдох болно. Одоо хурааж авахад хүрвэл над гомдох болно” гээд эс зөвшөөрөв.
Өршөөл энэрэлт, аривч нямбай Чинбай хатан
Чинбай хатан боол зарц зэрэг доорх хүмүүстээ туйлын өршөөл энэрэлтэй хүн байжээ. Тэрээр үйлэнд уран, үгэнд цэцэн, ажилч аривч хичээнгүй хатан байлаа. Нэг удаа Чинбай хатан ордны доторх олон зарц хүүхэндээ хүн бүрт нэг торгон дээл, хуартай хивс түгээн өгчээ. Үүнийг Хубилай хаан олж үзээд: “Энэ бол ордны дотор хадгалж байгаа үнэ ихтэй эд болох юм. Үүнээс хойш битгий дураараа түгээж байгаарай!” гэж сануулав. Тэр тухай нэгэн зарц хүүхэн: “Хаан та эндүүрч байна. Энэ торгон дээлийг хатан эх ордны доторх олон зарц хүүхнээ дагуулж хэрэгцээгүй болсон хуучин нум сумын ороолт торгыг шаглан аваад ширхэгийг нь салгаж дахин нэхээд хийж өгсөн юм” гэж хэлэв.
Чинбай хатан “Малгайн саравч” зохион бүтээв
Эрт үед монгол хүний малгай саравчгүй байв. Иймээс хурц нартай өдөр ялангуяа цас их орсны дараа хээр гадаа явбал олонхи хүний нүд гялбаад хөхрөн хавддаг байв. Нэгэн өдөр Хубилай хаан ан гөрөө хийж буцаж ирээд: “Энэ өдөр нүд гялбаад бүр харж чадахаа больчихлоо” гэв. Чинбай хатан сонсоод тэр шөнөдөө малгайд нь саравч хийж өгчээ. Маргааш өглөө Хубилай хаан энэ малгайгаа өмсөөд дахин авд гарсанд нүд нь ер гялбахгүй болсон байв. Үүнд Хубилай хаан ихэд баярлаж бүх цэрэгтээ зарлиг буулгаад хүн бүрийн малгайнд цөм саравч хийж өгсөн байв.
Чинбай “Дээлийн ууж” зохион бүтээлээ
1286 онд Хубилай умарт дайлж буцан ирээд, Чинбай хатны ордонд бууж дээлээ тайлах зуур: “Энэ дээл моринд мордож, нум сум харвахад дандаа хөл гарыг тушдаг юм” гэж хэлэв. Хэдэн өдрийн дараа Чинбай хатан Хубилай хаанд нэгэн шинэ маягийн дээл хийж өгчээ. Тэр дээл нь дөрвөн оньтой, ар хормой нь өмнө хормойноосоо урт, ханцуйгүй, өмнүүрээ хоёр энгэртэй тул моринд мордож нум сум харвахад тун дөхөм болсон байв. Хубилай хаан маш их баярлаж, ууж хэмээн нэрлээд их хэмжээгээр хийлгэж, мөн бүх цэрэгтээ өмсгөх болжээ.
Шунал үгүй Чинбай хатан
Хубилай хаан өмнөд Сүн улсыг мөхөөсний дараа тус улсын хаан хатан, тайж гүнж, жич тэдний эх ба эмэг эх зэрэг олон арван хүнийг олзлон авч, их нийслэл Даду хотноо авчраад хааныг Янгува гүн өргөмжилж, хатныг нь Жиюафугүми (бага хатан) болгон бууруулаад их хурим найр тавьж найрлан цэнгэлдэв. Тэр тухай олон хүмүүс цөм их баярласан боловч гагцхүү Чинбай хатан урамгүй байжээ. Хубилай хаан: “Эдүгээ би Сүн улсыг мөхөөж мөрний өмнөхийг төвшитгөөд үүнээс хойш дайн байлдаан хийхгүй болсонд улс даяар цөм баярлаж байтал, хатан та юунд урамгүй байна вэ? гэж асуув. Чинбай хатан: “Эрт урьдаас мянган он мандсан улс байхгүй гэдэг билээ. Хожмын өдөр хойтын цагт миний үр ач нар ч иймэрхүү хувь заяад учирахаас зовж байна” гэв. Өмнөд Сүн улсыг мөхөөж, мөрний өмнөхийг төвшитгөсөн их найр дууссны дараа Хубилай хаан Өмнөд Сүн улсын ордон дотор удаан жил зузаан хоног хадгалж байсан тоо томшгүй эд эрдэнэсийг олон хатаддаа дэлгэн үзүүлэв. Тэр тухай Чинбай хатан зах зухаас нь хальт мулт үзээд ордондоо урам муутай буцжээ. Хубилай хаан, шадар түшмэлээ томилон явуулж “Хатан та юуг нь авахыг хүсч байна вэ?” гэж асуулгав. Чинбай хатан: “Тэдгээр эд эрдэнэсийг Сүн улсын хаан өөрийн үр хүүхэддээ үлдээж өгсөн юм. Гэтэл үр хүүхэд нь түүнийг хамгаалж хадгалж чадаагүйгээр бидэнд олзлуулчихав. Хүний үр хүүхэддээ үлдээж өгсөн юмнаас би юуг нь ч авахгүй” гэж хэлж явуулсан байжээ.
Чинбай хатаны гэгээн дурсгалыг хүндэтгэжээ
Чинбай хатан 1281 онд өвчнөөр нас нөгчсөн юм. 1294 он буюу Ди Юаний 31 онд Хубилай хааны омбол хөвгүүн Төмөр их сууринийг залгамжлаад эмэг эх Чинбай хатнаа “Гэгээн ухаант зохист Гоовангэү” хэмээн өргөмжилжээ.