1958 оны Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээр
2009.09.07

1958 оны Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээр

Тагна Тува улс тусгаар тогтносон улс болохыг БНМАУ хүлээн зөвшөөрч 1925 онд хуралдсан Улсын II Их хурлаас дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэжээ. Хуучин Монголын бүрэлдэхүүнд байсан тул хилийн зурвас гэх ойлголт тогтсонгүй, гэтэл шинэ тогтносон тагну Тува улстай хил хязгаараа зааглах түүхэн шаардлага гарч иржээ. Хоёр улсын хооронд хил тогтоох асуудал 1930 оноос эхлэн таван удаа хэлэлцэн яригдсан ч нэг мөр болон шийдэгдэлгүй 1957 он хүрчээ.


1944 онд БНТТАУ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсноор хил тодотгон тогтоох нь БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох асуудал болж 1957 оны намраас хилийн хэлэлцээ эхэлжээ.

БНМАУ-ын СнЗ-ийн 458-р тогтоолоор хилийн хэлэлцээр хийх Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний даргаар С.Аварзэд (ГЯЯ-ны сайд), гишүүдэд Д.Батаа (ДЯЯ-ны орлогч сайд), Гүнтэвсүрэн (ХААЯ-ны орлогч сайд), Осор (Увс аймгийн дарга), Н.Цэдэндорж нарыг баталж намын Төв Хорооны Улс төрийн Товчооны 387-р тогтоолоор "хилийн шугамыг тодруулан тогтоох хэлэлцээг явуулахдаа түүхт материалыг голчлон үндэс болгохоос гадна ард түмний одоогийн амьдралын шаардлагыг харгалзан гүйцэтгэх чиглэл өгчээ. Зөвлөлтийн талаас тус улсад суугаа Элчин сайд В.М.Молотов, дэслэгч генерал И.И.Дёмчин, хурандаа Н.А.Мещеряков нар томилогджээ.

Хэлэлцээр анхнаасаа маргаантай, хурц ширүүхэн явагдсан байна. Хэлэлцээний явцад газрын асуудлын хэлэлцээ хошууч генерал Д.Батаа, дэслэгч генерал И.Демчин нарын хооронд явагдсан ба хоёр Талын тэргүүнүүд комиссын хамтарсан хуралдаан дээр санал солилцон хэлэлцдэг журам тогтжээ. Хэлэлцээ хоёр сар хагас үргэлжлэхэд С.Аварзэд 13 удаа, В.Молотов 11 удаа үг хэлжээ. В.Молотов "... улсын хил орчим оршин суугаа хүн амын үндэсний бүрэлдэхүүн, манай ард түмэн үүдийн нөхөрлөлийг цаашид хөгжүүлэх хэрэгт нягт холбогдол бүхий хоёр талын хилийн зурвас нутгийн ард иргэдийн цаашдын нөхөрлөлийг харгалзан хүн амын амьдралын ашиг сонирхлыг энэ асуудлыг шийдвэрлэхэд үндэс болгож үзэх, (түүнчлэн) нийтээр хүлээн зөвшөөрөн хүлээхийг бидний өмнө тавигдсан асуудлыг авч үзэхэд удирдамж болгох, эхлэлт болох юм гэж Зөвлөлтийн төлөөлөгч үзэж байна" хэмээн байр сууриа тодорхой илэрхийлж, түүнээ тулган хүлээлгэхийг зорьжээ. Энэхүү найрамдлаар халхавчлан шийдэх гээд байгаа асуудал нь "Монголын газар нутгаас 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг буюу өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос Их Соёны нуруу хүртэлх газрыг ЗСБНХУ өөртөө таслан авах асуудал байлаа".

Харин БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн С.Аварзэд Зөвлөлтийн тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж "хилийн шугамыг түүхэн зарчмын үндсэн дээр тогтоох, БНМАУ-ын хувьд хилээ хөдөлгөх шаардлага байхгүй, энэ нутаг дэвсгэрээс хэрэгцээт баялгийг хэлэлцэн тохирсны үндсэн дээр хамтран ашиглаж болох юм" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хилийн хэлэлцээ ямар нөхцөлд хэрхэн явагдсан талаар нөхцөлд хэрхэн явагдсан талаар С.Аварзэд гуай дурсахдаа зөвлөлтийн төлөөлөгчид ирээд төлөвлөгөөгөө өгсөн. Увсаас хойш, Тэс голоос хойшхи бүх нутгийг өөртөө оруулаад зурчихсан тийм гар зургийг санал болгож өгсөн. Газар нь маргаангүй манайх, авна гэсэн шаардлага тавьсан. Бид бүх социалист лагерийг хамгаалж байна, бид ашиглах учиртай гэсэн" гээд"... үндсэндээ (хэлэлцээрийг) би мухардалд оруулсан. Мухардалд оруулахгүй гэхээр компромисс хийх болно. Компромисс хийнэ гэдэг чинь түүхэн хилээ өгнө гэсэн үг (тэгээд) би Зөвлөлтийнхөнд "миний мэдэхгүй асуудал байна. 1-рт хилийн асуудлыг бол манайд АИХ-ын Тэргүүлэгчид буюу төрийн дээд байгууллага шийдвэрлэдэг, ямар нэг хэсэг хүмүүс гэрээнд гарын үсэг зураад өгчих тийм ёс манайд байхгүй. Хоёрдугаарт энэ хил бол дээр үеийн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй" гэсэн... би ч ерөөсөө хөдлөөгүй. Молотов намайг шахаад байдаг. Октябраар зурна гэдэг баяраар зурна гэдэг. Цэдэнбал байхгүй байсан. Цэдэнбал даргаас өөр мэддэг хүн алга гээд л суугаад байсан.

Тэгээд ... Шинэ жил өнгөрлөө. Хэлэлцээ юу байх вэ? тэд нарыг жаахан ухралт хийж эвлэрэлд хүрдэг юм болов уу гээд хүлээгээд байдаг. Нэг өдөр Улс төрийн Товчоонд танилцууллаа. Танилцуулж байсан чинь Цэдэнбалын нарийн бичгийн дарга билүү дээ нэг цаас аваад ороод ирсэн "Москвагаас илгээсэн цахилгаан" гэж байна. Цэдэнбал явуулсан юм байхдаа гэж бодлоо. Тэгсэн биш юмаа. Н.Хрущевын нэртэй "ЦК МНРП" гэсэн цахилгаан утас байна. (түүнд нь) "Поведение вашего министра Иностранных дел вызывает удивление в Москве" гэсэн байх юм. Дамба гуай "үгүй, энэ юу гэж байгаа юм бэ?" гэж байна. Дамба гуай битүүдээ миний талд байгаад байсан" хэмээсэн байдаг.

Ер нь Улс төрийн Товчоонд хилийн асуудлаар хоёр өөр байр суурь байсан нь харагддаг. Намын тэргүүн Д.Дамба "хилийг түүхэн зарчмын ёсоор тогтоох ёстой" гэж үзэж байсан бол СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбал шал өөр байр суурьтай байлаа. Тиймээс тэдний улс төрийн тэмцэлд энэ асуудал нэгэн дөгөө болж өгсөн гэлтэй. Д.Дамбыг зайлуулсан 1959 оны намын Төв Хорооны III бүгд хурал дээр Ю.Цэдэнбалаас "хуучин хилийн зургаар хил тогтоож үүнээс нааш өгч болохгүй гэсэн үүрэг (Дамба) өгөөд явсан байсан" гэж буруутгасан байдаг.

В.Молотов 1932 оны хилийн протоколыг "хууль цаазын хүчинтэй болоогүй" гэж гэж хүлээн зөвшөөрч байснаа гэнэт байран дээрээ эргэжээ. Энэ хачирхсан үйл явдал 1958 оны нэгдүгээр сарын 27-нд болжээ. В.Молотов Төв аймагт ажлаар явж байсан МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбатай утсаар ярьж, маргааш нь СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Л.Цэнд, намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан нарт ЗХУКН-ын Төв Хорооны мэдэгдэх бичгийг гардуулсан байна. Уг мэдэгдэлд БНМАУ, ЗСБНХУ хил тогтоохдоо Туватай залгах хилийн шугамыг тогтоосон 1932 оны Монгол-Тувагийн хилийн протоколын дагуу (Монгол Тувагийн хооронд хилийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийг БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага батлаагүй билээ) шийдвэрлэхийг тулган шаарджээ.

Улс Төрийн Товчоо тэр даруйдаа хуралдан Зөвлөлтийн мэдэгдэлд өгөх хариуны тухай хэлэлцэж 1932 оны хилийн протокол нь эрхийн чадамжгүй тул дээрх актыг баримтлах нь учир дутагдалтай гээд ЗХУ-д амарч буй Ю.Цэдэнбалыг ирэхээр сайтар зөвлөн асууж хариу өгөхөөр тогтжээ. Нэгэнт хэлэлцэх асуудал урагш ахихгүй гэдэг нь тодорхой болсон тул С.Аварзэд нэгдүгээр сарын 29-нөөс хойш хэлэлцээнд оролцолгүй "гэдийжээ".

Ю.Цэдэнбал 1958 оны хоёрдугаар сарын 3-нд Улаанбаатарт иржээ. Энэ тухай С.Аварзэд гуай "...тэгтэл Цэдэнбал ирлээ. Цэдэнбал ч буусандаа. Зөвлөлт-Монголын найрамдлын түүхэнд гарч байгаагүй муухай юм та нар хийсэн байна. Нөхөр Аварзэд Улс төрийн Товчоог төөрөгдөлд оруулсан байна гэж байна. Би байдлыг илтгэж байсан. Чиглэл авч байсан. Ер улсын хилийг өөрчилнө гэдэг бол хэн нэгэн төлөөлөгчийн саналаар болох зүйл биш. Төрийн дээд байгууллага шийдэх ёстой гэлээ. Миний ганц тулгуурладаг юм тэр. Цэдэнбал уурлаад л..." гэж ярьсан нь соронзон хальсанд тэмдэглэгдэн үлджээ. Хоёрдугаар сарын 17-нд Улс төрийн Товчоо С.Аварзэдийн сонсголыг авч хэлэлцжээ. Хурал дээр С.Аварзэд өөрийн байр сууриа хамгаалж, "...1932 оны хэлэлцээрийг үндэс болгоно гэх, тэр зарчмыг баримталснаас үүсгэж н.Цэдэнбалын хийсэн дүгнэлт зэмлэлийг надад хүлээлгэх юм бол би хэлэлцээрийн бүрэлдэхүүнд оролцох арга алга. Харин энэ талаар зэмлэл шийтгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзвэл тэр нь жич хэрэг" гэж эрс мэдэгджээ. Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын байр суурь түүний хэлсэн үгнээс нь их тод харагддаг. Тэрбээр "... энэ асуудлыг Зөвлөлт Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй" гэжээ. Хэлэлцээрийн үеэр С.Аварзэд "ЗХУ Монголын нутгийн хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг" гэх зэргээр хэлсэн үг нь түүнийг буруутгахад аятай далим болсон бөгөөд "Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг удаашруулсан" хэмээн тус хурлаас С.Аварзэдийг хилийн хэлэлцээр хийх БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээс чөлөөлжээ.

Түүнийг "Зөвлөлтийн эсрэг үзэлтэн" хэмээн цоллож СнЗ-ийн орлогч дарга, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас зайлуулжээ. Энэ тухай 1959 оны III сарын бүгд хурал дээр Ю.Цэдэнбал "Монгол Зөвлөлтийн хил тогтоох хэлэлцээрийг манай талаас сар гаруй саатуулсан байна. Энэ бол маш муухай юм болсон. Энэ бол Монгол Зөвлөлтийн найрамдалд харш зүйл. Зөвлөлтийн гадаад бодлогыг хардсан муухай зүйлийг ГЯЯ-ны сайд байсан С.Аварзэд хэлж байсан" гэж хэлсэн байдаг. С.Аварзэд Улс төрийн Товчоонд бичсэн захидалдаа "миний зарим хэлсэн үгний өнгө, тэр нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй байсан гэдэг дүгнэлт зүйтэй", харин "Зөвлөлтийн эсрэг үзэлтэн" гэх зэмлэлийг хүлээн авч чадахгүйгээ илэрхийлсэн байдаг. Түүнийг Унгарт Элчин сайдаар томилсон ч "хөрөнгөтөн орны элчингүүдтэй их түнш, Югославтай их сайн, тэдний оёдолчдоор хувцсаа оёулдаг" хэмээн шальгүй зүйлээр гоочлон ажил албанаас нь салгажээ. С.Аварзэд жирийн жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт суусан ч хожим нь цагдаа нарт зодуулан гэмтэл авч нас нөхцсөн билээ.

Хилийн хэлэлцээр хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр СнЗ-ийн II орлогч, оросуудад "өөрийн хүн" хэмээн тоогддог Л.Цэнд томилогдсоноор бүх гацаа саад арилж, ажил шуудрав. Ийнхүү БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээрт хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-нд гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрээр хуучин хилийн дагуу Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавтгай дөрвөлжин км нутгийг Тувагийн нутагт оруулж, Тувагийн нутгаас Тээлийн голын амыг (84 хавтгай дөрвөлжин км) Давст сумын нутагт оруулжээ. Урианхай нарын урьд эзэмшиж ирсэн Монголын нутгаас 4560-иад хавтгай дөрвөлжин км нутгийг урианхай нарын эзэмшилд хэвээр үлдээсэн хил тогтоосон түүх ийм билээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.