Коммунизмыг “The BEATLES” нураасан уу?
2009.03.09

Коммунизмыг “The BEATLES” нураасан уу?

Даяаршлын анхдагч хүчин зүйл нь рок-поп хөгжим байсан гэх онол баруунд буй. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Манай улсаар төлөөлүүлэн үзье л дээ.


Эхний алхам, анхлан 1960-аад онд Улаанбаатарын ганц нэг сэхээтэн (ихэвчлэн дипломатч) айлуудаар “The BEATLES” хэмээх хамтлагийн пянз үзэгдэж, хотын сэхээтний хүүхдүүд хошуурч, эрэл сурал болж байснаас эхлэн Монголын өмнөх нийгмийн байгуулал нурах гараагаа авсан гэж дүгнэвэл хилсдэл болохгүй (Одоо тэр шүтэн бишрэгчдийн төлөөлөгчид нь Монголын төрийн толгойд, УИХ-д, улс төрийн намуудын оройд сууцгааж байна)  

Дараагийн алхам, 1970-аад оны эхээр наашаа нэвтэрсэн жинс хэмээх өмд, зажилдаг бохь, 1980-аад оны дунд, сүүлч үеэс нэвтэрсэн японы цахилгаан бараа, NEC хэмээх зурагт, энэ бүхэн Монголын нийгмийн мөн чанарыг (нөгөөх социализмын байлдан дагуулах их увидас гээчийг) бүрэн гутааж байлаа. Хүний хэрэглээ нөгөө ертөнцөд тоймоо алдаж, тэр бүхнийг нийлүүлээд “Амьдралын чанар” хэмээн нэрлэх болсныг АНУ, Япон руу түр томилолтоор явагсад ам мэдэн шагшин магтсан дүр зураг 1980-аад онд түгээмэлжсэнийн одоо нэгэнтээ зөвшөөрсөн. 
Ахуйн хамгийн наад захын стандартаар баруунаас хоцорч, өрсөлдөх чадвар, экспортын эдийн засгийн бүх үзүүлэлтээр баруунд ялагдаж байгааг Горбачевыг хүртлэх дэлхийн коммунист эвсэл хүлээн авахгүй байлаа. 1920-иод оноос барууны ертөнцөд техникийн дэвшил нь нийгмийн мөн чанар, сэтгэхүйг хүчтэй өөрчилж, 1960-аад онд техникийн дэвшлийн бүх үзүүлэлтээр коммунист эвслээс давж, хоёр системийн өрсөлдөөнд аажмаар давамгайлж иржээ. Тэр бүхний энгийн тусгал нь нөгөө эсрэг коммунист  ертөнцдөө рок-поп хөгжим, жинсэн өмд, бохь мохихоноор илэрч байлаа. 

Сүүлчийн алхам, рок-поп хөгжим, бохь, жинсэн өмд, өнгөт зурагт энэ бүхэн нь дэлхийг заагласан хоёр системийн хилийг нурааж, улмаар ертөнц тэр чингээрээ даяарших эхлэл болж, үйл явц цаашаа даамжирлаа. Нэгэнтээ  ахуй анхдагч, ухамсар хоёрдогч болж буй бодит ертөнцөд дэгжин хувцас, ахуйн тансаг хэрэглээ нь анги, нам, нийгмийн үзэл суртлаас давж гарна чинээ  коммунистууд санасангүй.
Энэ хэрэглээг дагаад нийгмийн ёс зүй унаж, яваандаа нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө чинээ үнэндээ тэд төсөөлөөгүй. Халз уралдаад түрүүлэхгүй, харин ч бүр сөхөрч унах  аюул нүүрлэжээ. Энэ бүхэн баруунаас өдөөсөн даяаршлын чухам нэг гол дуудлага байлаа. “Капитализмын буянаар л ийм их амжилтад хүрлээ шүү дээ!”  Энэ бол товчхондоо “The BEATLES”-ийн пянзны экспортын гол зорилго, өдөөлт байв. 

Эл тархалт нь цаашаа “англи хэлжилт”, “өрнөшил”, “америкжилт” болж шат ахисан ба конвейрын үйлдвэрлэл, хямд тээвэр, гэр ахуйн техник, энэ бүхэн нийлээд  хуучин коммунист асан, шилжилтийн нийгмийн олонхи гишүүдийн  амьдралын шинэ сайн сайхныг нөхцөлдүүлж, нийгмийн олон асуудлыг шийдсэн гэдэг нь илэрхий ба Монголд  ч үүнийг зөвшөөрөх биз.
Өнөөгийн шинэ Монголын сэхээтнүүдийн нэлээдгүй нь эдийн засгийн хувьд социалист, улс төрийн хувьд либерал, урлагийн хувьд капиталист, шашны  хувьд консерватив болчихоод байгааг энд хэлж байна. Харин энэ дотроос одоо нийгмийнхээ үнэт зүйлийг олж авч тогтоох хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.