Аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулж чаджээ
Дэлхийн II дайны дараах үнс нурман дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш.
1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан байсан юм. Ихэнх германчууд zussammenbruch буюу "ялагдлын гутралд" орчихсон гутранги үе. Ядаж байхад 1947 оны өвөл хахир хатуу болж өлсгөлөн нүүрлэлээ.
Герман төдийгүй бүх Европ хэрэгцээнээсээ хамаагүй бага үйлдвэрлэл явуулж дээр нь их хэмжээний өрөнд баригдсан, хэн ч, юу ч худалдан авч чадахгүй болтлоо дампуурсан байжээ. Дайтаж явсан хэдэн зуун мянган цэрэг эрс, юу ч үгүй болтлоо сүйдэж балгас болсон хотууд, сэтгэл санааны гүн дарамттай, идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хооллож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Конрад Аденауэр "Ажлын байр бий болгох" гэсэн товчхон шийдэл олсон байна. Европын эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд америкчууд Маршалын төлөвлөгөөг сэдэв. Хэрэв германчууд сэргээн босголтын энэ төлөвлөгөөг зөвшөөрвөл Америк хуучин дайсан байсан гэж үзэлгүй их хэмжээний зээл олгох болжээ. Америкийн ашиг сонирхол нь баруун Герман өөрийгөө аваад явчих эдийн засгийн чадвартай, хамгийн гол нь тоталитар дэглэм рүү хальтарчихгүй байхад оршиж байв. Аденауэр шууд л зөвшөөрчээ. Түүнд мөнгө, бас дахин мөнгө хэрэгтэй байлаа.
"Герман улс эдийн засгаар ядмаг байвал өөрийгөө хамгаалах чадвар дагаад муудна" гэж тэр үзсэн тул АНУ-ын саналыг даруй зөвшөөрч, ирээдүйд олох орлогоороо дэнчин тавьж тохиролцсон юм. Гэрээний дагуу баруун Берлин дайралтад өртвөл Канзас Сити өртсөнтэй адил үзнэ гэж тохиролцжээ.
К.Аденауэр их хэмжээний зээлийн хажуугаар 1948 онд санхүүгийн шинэтгэл хийж, маш хатуу арга хэмжээ явуулсны үр дүнд үндэсний валют тогтворжиж, далд эдийн засаг шахагдсан байна. Ингэснээр 1953 он гэхэд Германы эдийн засаг дайны өмнөх түвшиндээ эргэн иржээ. Аденауэрын бодлого хоёр тулгууртай байжээ.
Нэгд, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, нөгөө нь шинэ Европ дахь шинэ Герман улс. Эхний алхам болгож нийгмийн орон сууцжуулах хөтөлбөрүүдийг (бага орлоготой иргэдэд зориулсан) дэвшүүлэн хэрэгжүүлж харьцангуй хямд байруудыг бариулж ипотекийн зээлээр олгож эхэлсэн байна.
Аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулах, орон сууцжуулах нүсэр ажлыг эхлүүлснээр ажилгүй, орлогогүй аргаа баран холхиж байсан цэрэг эрсийн хүчийг нийгмийн сайн сайханд чиглүүлж чадлаа. Улс орон даяар бүтээн байгуулалт сэргээн босголтын ажил ундарч, хүн бүр ажлын байртай болж улмаар ажиллах хүчний хомсдолд орж ирэхэд тэд туркчуудыг олноор нь урин залсан юм. Аденауэрын толгойлсон эхний таван жилд л ДНБ 48 хувь, цалин 80 хувиар өсжээ. Дэлхий даяар "Германы эдийн засгийн гайхамшиг" ийн талаар ярьж байлаа.
Ажлын байрыг төрөөс бодлогоор бий болгож. иргэдийн хүч, боломжийг зөв залуурдсан нь үйлдвэржилтийн хөдөлгөгч хүчин болж, эдүгээ Герман улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний хоёрт бичигдэж байна.