З.Алтай гишүүн хойтон дээл өмсөхөө амаллаа
Шинээр ашиглалтад орсон Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд шиний нэгний өглөө Төрийн золголт боллоо.
Албан тушаалын эрэмбийн дагуу Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэргийтэй Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар эхэлж золголт хийснээр төрийн золголт эхэлсэн юм.
Төрийн золголтын үеэр олны анхаарлыг хамгийн их татдаг зүйл бол төрийн түшээдийн сар шинийн гоёо байдаг билээ.
Эдийн засгийн хямралтай энэ жил төрийн түшээд ганган хээнцэр гоёоноос татгалзсан нь золголтын үеэр өмсөж зүүсэнээс нь илт харагдаж байлаа. УИХ-ын гишүүдийн нилээдгүй олон нь монгол үндэсний үйлдвэрийн ноолууран дээлээр гоёж, өнгөний хувьд бор, шар өнгийн дээлээр олонх нь гоёжээ.
Энэ жилийн хамгийн дэгжин хувцаслаж, олны нүдийг хужирлаж байсан төрийн түшээд гэвэл УИХ-ын гишүүн кекшүзан Д.Батбаяр, Д.Арвин нар байлаа.
Д.Батбаяр булгаар эмжсэн ногоон торгон дээлэн дээр мөн булгаар эмжсэн улбар шар хантааз өмсөж хослуулан булган малгайгаар гоёсон нь түүнийг дэгжин харагдуулж, байснаас гадна түүний энэ дээлийн загварын монголчуудын хайртай дуучин Т.Баясгалан гаргасан нь эрхэм гишүүнийг хэвлэлийнхнийг анхаарлын төвд байлгалаа.
Харин УИХ-ын гуравхан эмэгтэй гишүүний нэг болох Д.Арвин гишүүн өргөн ханцуйтай, дугуй хээтэй улаан хоргойн дээлээр гоёсон нь түүнийг их л дэгжин харагдуулж байсан юм.
УИХ-ын гишүүн Х.Жекей, А.Тлейхан, З.Алтай гэсэн гурван гишүүн европ хувцастай харагдлаа. Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Х.Жекей, А.Тлейхан нар казак үндсэний баяраар өөрсдийн үндэсний хувцсаа өмсөх гэнэ. Харин З.Алтай гишүүнд Монгол үндэсний дээл байдаггүй учраас дээл өмсөөгүй ажээ. Гэхдээ эрхэм гишүүн ирэх жилийн төрийн золголтоор дээл өмсөнө гэдгээ сэтгүүлчдэд амлалаа.