Замын хөдөлгөөний баруун болон зүүн гарын дүрэм үүссэн түүх
Баруун уу, зүүн үү аль нь вэ хө?
2015.05.20

Замын хөдөлгөөний баруун болон зүүн гарын дүрэм үүссэн түүх

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс замын хөдөлгөөнийг баруун, зүүн гар талын гэж зохицуулах нь аливаа мөргөлдөөн, түгжрэлээс сэргийлдэг гэдгийг ойлгожээ.

Эдүгээ Дэлхийн хүн амын 66 хувь нь баруун гарын хөдөлгөөнөөр, 34 хувь нь зүүн гарын хөдөлгөөнөөр зорчиж байна. Бүх замын 72 хувь баруун гарынх, үлдсэн 28 хувь нь зүүн гарынх буюу бидний ярьдгаар буруу талын дүрэмтэй.

Олонхи хүмүүсийн баруун гар илүү хөгжсөн байдаг. Аль гар нь илүү хөгжсөнөөс хамаараад тухайн хүн тэр талаараа хөдөлгөөнд оролцох нь илүү тохиромжтой. Замын хөдөлгөөний дүрэм үүсэхэд олон зүйл нөлөөлжээ. Энгийн ардууд баруун мөрөндөө үүрч яваа эд зүйлээ хамгаалахын тулд баруун гар талаар явдаг байв. Морины жолоог баруун гараар залахад илүү тохиромжтой учраас сүйх тэргүүд баруунаар явж зүүнээр зөрдөг байж. Харин явган болон морин цэргүүдийн хувьд илд барьсан баруун гар дайсанд илүү ойрхон учраас зүүнээр дайрч баруунаар зөрөх нь эвтэйхэн.  Түүхийн явцад хүн амын дунд цэргүүдийн тоо багасаж замаар явахдаа зэвсэг авч явах хэрэггүй болсон учир баруун гарын хөдөлгөөн давамгайлж эхэлжээ.

Улаан: Баруун гарын дүрэмтэй

Хөх: Зүүн гарын дүрэмтэй

Барууны ертөнцөд баруун, зүүн хөдөлгөөнийг зохицуулсан анхны хууль 1756 онд Их Британид гарчээ.  Уг хуулийн дагуу Лондонгийн гүүрэн дээрх хөдөлгөөн зүүн гарын дүрэмтэй болов. Энэ дүрмийг зөрчсөн этгээдийг нэг мөнгөн фунтаар торгодог байв. 20 жилийн дараа “Төв замын тухай хууль” хэмээх түүхэн баримт бичиг батлагдаж бүх замын хөдөлгөөнийг зүүн гарынх болгожээ. Түүнчлэн төмөр замын буудлын хөдөлгөөнийг энэ маягаар зохион байгуулж 1830 онд Дэлхийн анхны төмөр замын буудал болох Манчестер-Ливерпулийн буудал дээр зүүн гарын дүрмийг хэрэгжүүлж эхлэв.   

Зүүн гарын хөдөлгөөн хэрхэн бий болсон талаар өөр нэгэн онол бий. Зарим түүхчдийн үзэж буйгаар дэлбэгч нь (сүйх тэрэгний жолооч) суудаг сүйх тэргээр зүүн гар талаар явах нь илүү тохиромжтой байсан аж. Яагаад гэвэл хэрэв баруун гар талаар явбал дэлбэгч морио ташуурдахдаа замын хажуугаар явах явган зорчигчийг санамсаргүй ороолгох аюултай байв.  Тиймээс сүйх тэргүүд үргэлж зүүн гар талаар явж баруунаараа зөрдөг байжээ.

Их Британийг солгой гарын хөдөлгөөнийг бусад улсад түгээсэн “буруутан” гэж үздэг. Тэд энэ дүрмийг хөлөг онгоцнууд далайд зөрөлдөх дүрмээс хуулсан гэж үзэх хүн ч бий. Гэвч энэ нь тийм биш. Яагаад гэвэл олон улсын далайн дүрэмд зааснаар баруун талаас ойртон ирсэн хөлөг онгоцонд зам тавьж өгөх ёстой бөгөөд зүүн талаараа зөрөлдөнө гэсэн үг. 

Тиймээс Их Британи колони улсууддаа өөрийн дүрмийг тогтоосон гэдэг хувилбар үнэнд илүү дөхнө. Английн колони байсан Энэтхэг, Пакистан, Австрали улсууд зүүн гарын дүрэмтэй.  1859 онд Хатан хаан Викториягийн элч Р.Аллок Токиогийн эрх баригчдыг зүүн гарын дүрэм тогтоохыг ятгаж дөнгөжээ. 

Англи дахь зүүн гарын хөдөлгөөн

Харин баруун гарын хөдөлгөөний үүслийг Францтай холбож үздэг. 1789 оны Францын Их Хувьсгалын үед хэвлэгдсэн Парисын тунхагт бүх хүн энгийн ардын адил баруун гарыг барьж хөдөлгөөнд оролцохыг заажээ. Удалгүй Наполеон Бонапарт Францын армитай таарсан хэн ч байсан зам тавьж өгөх ёстой гэсэн үүднээс баруун гарын дүрмийг бэхжүүлжээ.  Цаашдаа хөдөлгөөний энэхүү дүрэм 19 дүгээр зууны улс төрийн том бодлоготой холбогдов. Наполеоныг дэмжиж байсан Голланд, Швейцарь, Герман, Итали, Польш, Испани улсууд баруун гарын дүрэмтэй болов. Харин Францыг эсэргүүцэж байсан Их Британи, Австро-Унгар, Португали “солгой” болж таарав.  Францын нөлөөгөөр Европын олонхи улсууд баруун гарын дүрмийг хэрэгжүүлж, Англи, Португали, Швед зэрэг улсууд зүүн гартаа үнэнч үлдэв. Австрид бүр ч сонирхолтой, зарим муж зүүн гарын дүрэмтэй байхад, зарим нь баруун гарын дүрэмтэй байсан үе бий. Харин 1930 онд Германд нэгдсэний дараа зөвхөн баруун гар талаар явдаг болсон байна.

Хятад, Макаог холбосон Лотос гуүр. Энд Хятадын газар нутаг дээр баруун болон зүүн гарын дүрэм солигддог

АНУ эхэндээ зүүн гарын хөдөлгөөнтэй байсан ч 18 дугаар зууны сүүлээр аажмаар баруун гарт шилжжээ.  Америкчууд Францын жишигийг дагахад АНУ-ыг Их Британиас тусгаар тогтноход том хувь нэмэр оруулсан Францын генерал  Мари-Жозеф Лафайет нөлөөлсөн гэж үздэг.  Гэхдээ 20 дугаар зууны эхэн хүртэл Канадын зарим мужид зүүн гарын хөдөлгөөн хадгалагдаж байв. 

Колончлолын үед зүүн гарын хөдөлгөөнтэй улс олон байсан ч аажмаар дүрмээ өөрчилжээ. Тухайлбал Африк дахь Британийн колониуд хуучин Францын колони улсуудтай хил залгаа байснаар баруун гарын дүрмийг сонгосон байна.

Хамгийн сүүлд зүүнээс баруун руу шилжсэн улс бол Швед. Шилжилтийн бэлтгэл ажил 1963 оноос эхэлж тусгай комисс томилогдон 1967 оны есдүгээр сарын 3-ны өглөөний 04:50 минутад бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө түр зогсоогоод 05:00 цаг гэхэд баруун гар талаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээр болжээ. Шилжсэний дараа хэсэг хугацаанд тээврийн хэрэгслүүдэд хурдны хязгаарыг тогтоож өгчээ.

Шведүүд зүүн гарын дүрмээс баруун гарын дүрэмд шилжиж байгаа нь