Авто замын 20 орчим чиглэлийн төсөл санхүүжилтээ авчээ
Зам тээврийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төслүүд өнгөрсөн сараас ажлаа эхлээд байна. Өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр 20 орчим чиглэлийн авто замын төсөл, их засварын хоёр ажил энэ оны санхүүжилтээ авчээ.
Үүнээс аймгийн төвийг нийслэлтэй холбох чиглэлд Цахир-Тосонцэнгэлийн 127.1 км авто замын төслийг 62.9 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ ажлыг “Хурдны зам” компани гүйцэтгэж байгаа бөгөөд Хөгжлийн банкнаас 3.4 тэрбум төгрөгийг хүлээн аваад байна. Энэхүү замын талбайд хөрс хуулалт 100, суурийн ажил 18, хучилтын ажил есөн хувьтай байгаа ажээ. Их засварын хувьд энэ онд хийх Улаанбаатар-Дарханы замын санхүүжилтийг олгоогүй байгаа ч Улаанбаатар-Зуунмод чиглэлийн 18.4 км замын засвар, арчлалтад 452.8 сая төгрөг буюу энэ оны төсвийнх нь 89 хувийг олгожээ.
Харин Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг 38.6 тэрбум төгрөгийн гэрээний дүнгээр “Насны зам” компани хэрэгжүүлж байсан ч 73 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрээ цуцлагдаж, одоогоор шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хийж байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ. Дорнод аймгийг нийслэлтэй холбосноор Мянганы замын хэвтээ тэнхлэг, Азийн авто замын сүлжээний зүүн чиглэл өргөжиж, Монгол Улсын зүүн хязгаар хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох нөхцөл бүрдэх ажээ.