Хүнс, хөдөө аж ахуйн сайд хууль, тогтоолын төслүүдийг өргөн барив
2015.06.11

Хүнс, хөдөө аж ахуйн сайд хууль, тогтоолын төслүүдийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.10/Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн барилаа.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, бусад хуульд нийцүүлэн боловсруулсан болохоо тогтоолын төслийг өргөн барих үеэр УИХ-ын даргад танилцуулав.

Монгол Улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатайг харгалзан Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.

Хүний биед сөрөг нөлөөгүй, чанар сайтай хүнс хэрэглэх гэсэн иргэдийн хүсэл, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нөгөө талаас түүнийг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт үгүй, жинхэнэ органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчидэд тавигдах нийтлэг шаардлага, хэм, хэмжээ тогтоогдоогүй байгаа нь энэхүү Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.