Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдынхыг нэмэх нь зөв
УИХ дахь "Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ
2015.06.11

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдынхыг нэмэх нь зөв

Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт    оруулах  тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг энэ  оны нэгдүгээр сард байгуулсан. Уг ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн  удаа хуралдаж, төслийнхөө"хар зураг"-ийг   гаргаад байгаа. Харин энэхүү төсөлд орсон заалтуудтай. санал нийцэхгүй байгаагаа илэрхийлж зарим гишүүн нь ажлын хэсгээс гарч байгаагаа зарлав.

Ажлын хэсгийн боловсруулсан төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдынхыг  нэмэгдүүлсэн заалт цөөнгүй байгаа аж. Тодруулбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдгийг нь болиулах, хууль санаачлах эрхийг нь хязгаарлах заалт уг төсөлд бий.

Харин Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ыг тараах хүртэл эрх мэдэл олгохоор тусгажээ. УИХ дахь "Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгээс энэ заалтуудын талаарх байр суурийг нь сонирхлоо.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танай бүлгийн гишүүд санал солилцсон уу?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл одоохондоо ажлын хэсэг дээр ярьж байгаа болохоор Бүлгийн албан ёсны байр суурь хараахан эцэслэж гараагүй байна. Яригдаж байгаа асуудлаар бид урьдчилсан байдлаар санал солилцсон. Бүлгийн гишүүд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Засаглалын тогтолцооны гажуудлыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай” гэж үзэж байгаа.

Гэхдээ яг одоо энэ өөрчлөлтийг хийх чадамж, боломж УИХ-д байна уу, үгүй юү. Энэ хуулийн төсөл иргэдийн дэмжлэг авч, бидний хүсэж байгаа өөрчлөлт орж чадах уу гэдэг бас эргэл- зээтэй л байна. Цаг хугацаа ч давчуу байна.

-Уг төсөлд Ерөнхий сайдад илүү эрх мэдэл өгөх заалтууд орж байгаа юм байна?

Би бол засаглалын хямралыг арилгах өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, парламентыг тараах эрх мэдлийг өгөх нь байж болох хувилбар. Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээс бидний алдаа, оноо дэнслээд ирлээ.

Ерөнхий сайдыг ажлаа хийж чадаж байгаа, эсэхээс нь үл хамааран бизнесийн бүлэглэлүүдийн хуйвалдаан, улс төрийн Бохир тохироогоор огцруулдаг байдал тогтлоо. Улстөрчид засгийн хямралыг зориудаар бий болоод байгаа учраас энэ нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай. Засгийг чадамжтай болгох хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа тухайд?

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь зөв гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж Үндсэн хуулинд заасан. Энэ нь ард түмний төлөөлөл болсон парламентын эв нэгдлийг ч илэрхийлэх ёстой гэсэн үг.

Гэтэл одоо Ерөнхийлөгч юм юм руу үсчиж, Засгийн газар, УИХ-д яригдсан бизнесийн эрх ашиг хөндөгдсөн асуудлуудтай ч хутгалдаж байгаа нь зохисгүй харагддаг. УИХ-ын гишүүд хууль санаачлах эрх тийм ч хангалттай эдэлж чадахгүй байхад Ерөнхийлөгч, Засгийн газраас л оруулсан хуулийн төслүүд л парламентаар хэлэлцэж байна.

Би бол эдгээр заалтыг дэмжиж байгаа. Тодорхой хуга- цаанд улс төрийн гал тогоонд байж, болж бүтэхгүйг нь биеэр мэдэрч яваа болохоор бодит амьдрал дээр ингэхээс өөр зам байхгүйг мэдэж байна.