Р.Гончигдорж гишүүнийг Цэцэд өгч, С.Эрдэнэ сайдыг огцруулна гэлээ
МАН-ын бүлэг
2015.06.16

Р.Гончигдорж гишүүнийг Цэцэд өгч, С.Эрдэнэ сайдыг огцруулна гэлээ

МАН-ын бүлэг энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төслүүд дээр ямар байр суурь баримтлах тухайгаа ярилцжээ.

Тэд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд иргэд өөрийн өмчлөлийн газраа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авахдаа үл маргах журмаар гэрээ байгуулах боломжтой гэсэн заалт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж МАН-ынхан үзжээ. Иргэд хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхгүй болчихно гэдэг болгоомжлол тэдэнд байгаа аж.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Цэцийн гишүүн 70-аас доош настай байх, гишүүдийн цалинг Улсын дээд шүүхийн цалинтай адил хэмжээнд тогтоох, тэтгэврийн хэмжээг цалингийн 70 хувиар тогтоох гэх зэрэг заалт оруулсан байна. Үндсэн хуулийн Цэц зөвхөн Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

Тиймээс МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн Цэц нь иргэний эрхийг хамгаалах маргааныг хянан шийдвэрлэдэг болох санал оруулна. Мөн Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой маргааныг 60 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж, УИХ-аар хянуулахад 60 хоног зарцуулдаг. Энэ хугацааг багасгаж, хариуцлагатай, шуурхай ажиллах ёстой” хэмээн ярив. Харин Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд төр 34 хувийг эзэмшихээр заасан нь зөв гэж үзсэн байна. Хэрэв үүнийг зөвшөөрөхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг зургаан хувьд хүргэх хэрэгтэй гэдэг байр суурийг МАН-ын бүлэг баримталжээ.

МАН-ын мэдээллийн үеэр бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Анх хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь татгалзсан. УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол гишүүдийн олонхи нь дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг санаачлагчид нь буцаах ёстой.

Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр дахин санал хураалт явуулах горимын санал гаргасан. Гэтэл чуулганы хуралдаанд суугаагүй гишүүдийн нэрсийн жагсаалтад оруулж, дахин санал хураалт явуулсан. Энэ нь Дэгийн хуулийг зөрчсөн учраас шаардлага хүргүүлнэ. Мөн тухайн үед хуралдаан даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө” гэлээ.

Мөн С.Эрдэнэ сайдыг огцруулах асуудал хөндөнө гэдгийг ч зарлалаа. Учир нь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийн зээл болон малчны зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасан ч авч хэлэлцэхгүй байгаа. Нийгмийн даатгалын сангийн 532 тэрбум төгрөгийг арилжааны банкинд 10 хувийн хүүтэй байршуулдаг. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс гурав, арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс зургаан хувиар бага байна. Ингэснээр хүүгийн зөрүүнээс 32 тэрбум төгрөг алдлаа хэмээн С.Эрдэнэ сайдыг буруутгаж байгаа аж.