Эмэгтэй гишүүд байнгын хорооны хуралдаанд суухгүй гэв
2015.06.17

Эмэгтэй гишүүд байнгын хорооны хуралдаанд суухгүй гэв

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өчигдөр НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар ороход санал хураахын өмнө МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авч төслийн хэлэлцүүлгийг тав хоногоор хойшлуулав.

Завсарлага авсан шалтгаанаа “Энэ хууль амьдралд нийцэхгүй байна, хүүхдүүд бүгд стандартын шаардлага хангасан цэцэрлэгт хүмүүжих ёстой” хэмээн тайлбарласан юм. Үүнд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг эхнээс нь дэмжиж ажилласан УИХ-ын эмэгтэй гишүүд ихээхэн эгдүүцэж байнгын хорооны хурлыг орхин гарч, хуулийн төслийг хэлэлцэхээс нааш НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Монгол Улсад сургуулийн өмнөх насны 250 мянга гаруй хүүхэд бүртгэгдсэн байгаа. Үүнээс 50 гаруй мянга нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тэд бүгд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдлаа гэж бодоход нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

-Та бүхэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулах гэж яарч буй үндэслэлээ тайлбарлахгүй юу?

Ц.Оюунгэрэл: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан УИХ-д оруулж ирсэн. Төслийн ажлын хэсэгт УИХ-ын эмэгтэй гишүүд  идэвх санаачилгатай ажиллаж байна. Өргөн баригдсанаасаа хойш бараг гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд гарч болох зөрчлүүдийг бид нарийн тооцоолж, асуудлыг шийдэх гарц гарган, ойлголцлын зөрүүг арилгах зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд оруулж ирсэн.

Энэ хооронд гэртээ цоожлуулж эсвэл айлд үлдсэн гээд арав гаруй хүүхэд галд шатаж, амиа алдлаа. Элэг эмтрэм үйл явдлууд болсон. Уржигдархан гэртээ цоожлуулж үлдсэн нэг хүүхдийн амь эрсдэа шахлаа. Онцгойгийнхон амжиж аварсан.

Тэр хүүхдэд тохиолдсон аюултай нөхцөл байдал өнөөдөр завсарлага авч байгаа УИХ-ын гишүүдэд огтхон ч нөлөөлөөгүй юм байна. Байх л ёстой зүйл шиг хүлээж авч байна. Нэг ч гэсэн хүүхдийн амь насыг эрсдэхээс өмнө нэг ч гэсэн хоногийн өмнө энэ хуулийг батлах хэрэгтэй байтал ингэж хайхрамжгүй хандаж байгаад эмэгтэй гишүүд бид үнэхээр их бухимдаж байна.

Монгол Улсад сургуулийн өмнөх насны 250 мянга гаруй хүүхэд бүртгэгдсэн байгаа. Үүнээс 50 гаруй мянга нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тэд бүгд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдлаа гэж бодоход нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Харин бүгдийг нь цэцэрлэгээр хангана гэвэл энэ тоо арав дахин өсч 600 тэрбум төгрөг болно. МАН-ын бүлэг энэ хүүхдүүдийг 60 биш 600 тэрбум төгрөгийн өртгөөр харах ёстой гэж байна. Энэ хуулиар бүх мөнгийг төр өгөхөөр албадсан зохицуулалт байхгүй. Засгийн газар журмаа гаргаж, боломжийнхоо хэмжээгээр квотоо тогтоож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

-Хууль хэрэгжсэнээр хүүхдүүд харах эзэнтэй болохоос гадна хичнээн хүн ажлын байртай болох вэ?

Төрөөс 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд энэ хуулийг хэрэгжүүллээ гэхэд дор хаяж 30 мянган эмэгтэй ажлын байртай болно. Дээр нь хүүхдээ харуулах 60 мянган хүн хөдөлмөр эрхлэх боломжтой болох юм. Нийтдээ 90 мянган иргэнийг ажил хөдөлмөртэй болгох боломж энэ хуулийн цаана нуугдаж байгаа.

С.Одонтуяа: Яг хэрэгтэй,  хугацаа тулчихсан энэ үед завсарлага авч байгаа нь туйлын буруу үйлдэл. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл байгаа учраас завсарлага авахгүйгээр хуулийн төслийн талаар ярилцах боломж байсан.

Ялангуяа залуу эмэгтэйчүүдэд маш том боломж нээж өгнө. Нялх хүүхэдтэй залуу ээжүүд ажилд оронгуутаа ажлаас халагддаг, ажлын байрыг нь өөр хүн булаадаг, хүүхдээ харж байгаад эргээд ажилдаа ороход ажлын байран дээрээ хоцрогдчихсон байдаг гэх мэт олон асуудал байна. Энэ хууль залуу эмэгтэйчүүд, залуу гэр бүлүүдэд мөн хүүхдэд зориулагдсан хууль.

Цэцэрлэгийн насны хүүхэдтэй залуу эмэгтэйчүүдийг олноор нь ажлын байранд нь эргэж авчрах хууль. Тийм ч болохоор эмэгтэйчүүд бидэнд дуугарахаас өөр сонголт байхгүй. 50-аас дээш настай эрчүүд 20 настай залуу эмэгтэйчүүдийн асуудлыг ойлгохгүй байгаа учраас энэ хуулийг үл ойшоож, асуудлыг хойш татан саад хийж байна.

-Сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд хичнээн барилга шинээр барих шаардлагатай вэ?

С.Одонтуяа: БСШУЯ-наас хийсэн судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны зориулалттай 1750 обьект хэрэгтэй байгаа. Бид таван жилийн дотор ийм олон барилга байгууламж барих боломжгүй учраас хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэн даруй батлах ёстой.

Гэвч өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр МАН завсарлага авлаа. Энэ нь дээрх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй болоход хүргэж байна. Намар есдүгээр сард дахиад цэцэрлэг, сургуулийн ачаалал их болно.

Эмэгтэй  гишүүд хөөцөлдсөний хүчинд  2012-2014 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад зөвхөн цэцэрлэг, сургуулийн барилгууд орсон. Гэвч  энэ нь хангалтгүй байгаа юм. Зарим гишүүд өөрсдийнх нь хүүхэд асуудалгүй учраас бусад хүүхдүүдийн асуудлыг хойш тавьж болохгүй. Хүүхэд, гэр бүлийн асуудал орхигдоод байдаг учраас бид лобби бүлэг  хүртэл байгуулсан. Энэ хуулийн төслийг шийдэхгүй бол эмэгтэй гишүүд дахин НББСШУ-ын байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

-Хууль батлагдаж, төсөл хэрэгжлээ гэхэд 50 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байсан. Гэтэл та бүхэн 5 тэрбум байхад болно гэх юм?

МАН-ын гишүүд энэ хуулийн төсөлд 50 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн, тийм их мөнгө байхгүй гээд байгаа. Эхний жил хууль, стандартаа батлах, сурталчлах, хүмүүсээ сургахад  таван тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Монголын хүүхдүүдээс таван тэрбумыг харамлах эрх гишүүдэд байхгүй.

Сонгуулийн үер 3-5 мянган хүн амтай суманд найман тэрбумаар соёлын төв барьдаг. Гэтэл Монгол Улсын хэмжээнд таван тэрбум төгрөг хэрэгтэй хуулийн төслийг эсэргүүцэж байна. Өнөөдөр хүүхэд хамгааллын болон гэр бүлийн эрх зүйн орчин байхгүй. Үүнийг шийдэхгүй бол эсэргүүцлийн арга хэмжээ авахад бэлэн байна.

Эмэгтэй гишүүд бид бүх ажлын хэсэгт орж ажилладаг, ирцийг нь бүрдүүлж хуулийг нь дэмжиж ажилладаг. Гэтэл яг хэрэгтэй,  хугацаа тулчихсан энэ үед завсарлага авч байгаа нь туйлын буруу үйлдэл. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл байгаа учраас завсарлага авахгүйгээр хуулийн төслийн талаар ярилцах боломж байсан гэлээ.