Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийн талаарх танилцуулгыг сонсов
Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2015.06.16/ үдээс хойш хуралдаж Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийн талаар /2015-2040/ болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонслоо.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Я.Сумьяабазар даргалан явуулав.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийн талаарх танилцуулгыг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Энхбайгаль хийсэн юм.
2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргын 60 тоот захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөг хүртэл хүрсэн хөгжлийн үйл явцыг цаашид үргэлжлүүлэх, улам хурдтай хөгжихийн тулд улс орон даяар баримтлах хөгжлийн урт хугацааны бодлогоо шинэчлэн тодорхойлж байгаа нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн потенциалыг илүү оновчтойгоор бүрэн ашиглах, гадаад болон дотоод орчин нөхцлийн өөрчлөлтөд нийцүүлэх, цаашдын ирээдүйн боломжийг нээлттэй байлгах боломжийг олгож байна. Урт хугацааны хөгжлийн бодлого нь дунд, богино хугацааны, улс үндэсний, салбарын, засаг захиргааны нэгжийн болон бусад үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээг тодорхойлж, хөгжлийн нэгдмэл зорилгод чиглүүлнэ.
Улс орны цаашдын хөгжлийг тодорхойлох бодлогын хувьд даацтай хөгжлийн үндсэн асуудлууд, тэдгээрийн уялдаа буюу эдийн засгийн хөгжил, нийгэм, хүмүүний хөгжил, хүрээлэн буй орчины тогтвортой байдал, төрийн бодлого зохицуулалтыг оновчлох нь тэргүүлэх ач холбогдолтой гол асуудлууд юм. Хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн олон улсын туршлага, сургамж, хүрсэн үр дүн, хөгжлийн философи, үзэл баримтлал, ирээдүйгээ төсөөлж, бодлогоо тодорхойлсон арга барилыг шинжилж судалсан нь судалгааны багийн ажилд ихээхэн дөхөм болсон.
Монгол Улсын “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” -ын эхний үе шатны хэрэгжилтийг үнэлж, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, шалтганыг цэгнэсэн нь сургамж боллоо. Өнөөгийн нөхцөл байдлыг эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчноор шинжилж, үнэлсэн нь цаашдын хөгжлийн явц, боломж бололцоо эрсдлийг тодорхойлох хөрс суурь болсон гэдгийг Б.Энхбайгаль мэдээлэлдээ дурдав. Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс танилцуулсан юм.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, А.Тлейхан нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Гишүүд урт хугацааны хөгжлийн бодлогыг арай өөрөөр харахыг хүсч байна. Монголын хөгжлийн бодлогын урт хугацааны хөгжлийг харвал бүтээмжийн бодлогыг гаргаж ирэх хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж, уялдсан бодлого байх ёстой гэдгийг онцолж байв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.