Дадлага сургуульд 17 улсын эрэн хайх, авран туслах, хүмүүнлэгийн баг оролцов
Олон улсын дасгал сургууль
2015.06.25

Дадлага сургуульд 17 улсын эрэн хайх, авран туслах, хүмүүнлэгийн баг оролцов

 Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газраас  НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгтэй хамтран “Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах” олон улсын сургалт, дадлага сургуулийг 2015 оны 06 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Олон улсын дасгалд сургуульд Монгол, Индонез, Шри Ланка, Камбож, Малайз, Тайланд, Филиппин, Австрали, БНХАУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, ОХУ, Швед, Швейцарь, Арабын нэгдсэн Эмират, Их Британи  гэх мэт 30 орчим орны 120 гаруй зочид төлөөлөгч  оролцож байна.

Уг сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад зохион байгуулснаар газар хөдлөлтийн томоохон аюул тохиолдон ихээхэн хэмжээний хохирол учруулж, хор уршгийг арилгах үндэсний хүч хэрэгслийн чадавх хүрэлцэхгүй тохиолдолд гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлэн байдал дээшлэх, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт сайжрах чухал ач холбогдолтой юм. 

Өнөөдөр “Чингис хаан”  олон улсын нисэх буудалд эрэн хайх, авран туслах хүмүүнлэгийн болон олон улсын эмнэлгийн тусламжийн багийг хүлээн авах, угтаж авах, үдэн гаргах төвийг байгуулах дууриалган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Үзүүлэх сургуулилтаар Монгол Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг Засгийн газраас Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгт гаргасны дагуу олон улсын эрэн хайх, авран туслах хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламжийн баг Монгол Улсын хил, гаалийн хялбарчилсан журмаар нэвтрэх,  үйл явцыг дуурайлган үзүүллээ.

Хамгийн түрүүнд БНХАУ-ын баг ирсэн бөгөөд эрэн хайх, авран туслах олон улсын багийг угтан хүлээж авах, бүртгэх, мэдээллээр хангах ажиллагааг гүйцэтгэн ажиллалаа.

            Уг үзүүлэх дадлага сургуульд БНХАУ, ОХУ, АНУ, Австрали, Швед, Тайланд, Малайз зэрэг 17 улсын эрэн хайх, авран туслах, хүмүүнлэгийн баг оролцов.    

 “Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Гамш­гаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, хумүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоо­той бүлэг заалт оруулж байгаа. Олон улсын туршлагыг судалж, хуульд тусгах юм.

Монгол Улс олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх аврах багтай болохоор бэлтгэж байна.  НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын INSARAG (International search and rescue advisory group) буюу Эрэн хайх, авран туслах олон улсын зөвлөлдөх бүлэг нь газар хөдөлсөн үед тухайн орны нөөц боломж хүрэлцэхгүй тохиолдолд ирж тусалдаг, дэлхийн 80 гаруй улсыг нэгтгэсэн байгууллага юм.

  INSARAG буюу олон улсын эрэн хайх, аврах туслах зөвлөлдөх бүлгийн зааврын дагуу олон улсын аврах багийг хүнд, дунд, бага гэсэн гурван түвшинд хуваадаг аж. Манай улс дунд түвшний баг бэлтгэхээр зорьж байна.

 50-60 хүнтэй багийг ийм түвшнийх гэж үздэг гэнэ.

Харин хүнд түвшнийх нь онгоц, томоохон тоног төхөөрөмжтэй, 100-гаас дээш хүнтэй байдаг. Ийм баг ОХУ, БНСУ, Японд зэрэг томоохон оронд байдаг байна.

 Манай улс энэ сарын сүүлчээр БНХАУ-ын Газар хөдлөлтийн сургалтын төвд эхний 20 аврагчаа явуулж, сургана.

 Олон улсад үүрэг гүйцэтгэж, бусад орны багтай хамтран ажиллах учир гадаад хэлний мэдлэгтэй байх нь аврагчдын эхний шалгуур. Мөн бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна багаж хэрэгслийн хангамж сайн байх ёстой юм байна. Манайхан эдгээрийг шат дараатай хэрэгжүүлсний үндсэн дээр ирэх жил гэхэд дунд түвшний баг бүрдүүлчихээд, НҮБ-аас мэргэжилтнүүд урьж, үнэлгээ хийлгэх боломж бүрдэх юм.

Олон улсад үүрэг гүйцэтгэх багт албан ёсны тус байгууллага гэрчилгээ олгодог. Тэр баг нь дэлхийн аль ч улсад газар хөдлөхөд очиж, аврах ажиллагаа явуулах эрхтэй байдаг байна.