Арктикийн халуун мөс
Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 3. Хойд Мөсөн далайн мөс түүхэндээ хамгийн бага хэмжээндээ хүрэв. Тэнд 6 цэргийн хөлөг, хоёр мөс зүсэгч атомын хөлгөөс бүрдсэн бригад бий болов. Цэргийн хөлгүүд дотор мин тээвэрлэгч, танкийн десантын хөлөг болон Оросын Тэнгисийн цэргийн хүчний хөлгүүд байна. Эдгээр нь дайсны шумбагч онгоцны болзошгүй илрэлээс сэргийлж далайн гүнийг минижүүлжээ.
Харин Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг (Erna Solberg) “Бид сөнөөгч онгоцнуудаа Исламын улстай тэмцэхэд өгөхгүй” гэж хэлсэн нь Оросын цэргийнхэн Хойд туйлд идэвхжсэнтэй холбоотой агаарын орон зайгаа хамгаалах болсны илрэл юм.
Энэ оны 3, 4 дүгээр сард оросууд том хэмжээний хээрийн сургуулилтуудыг хийсэн. Түүгээр барахгүй Хүйтэн дайны төгсгөлд татан буугдсан цэргийн баазуудыг сэргээж байна. Ойрын жилүүдэд Оросын умард хэсэгт 10 гаруй хээрийн онгоцны буудал баригдах төлөвтэй байна. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл ОХУ Арктикийн бүсэд агаарын цэргийн том хүчийг бий болгоно. Түүнчлэн Орос улс Арктикт агаарын цэргийн хүч, тэнгисийн цэргийн хүч, хуурай замын цэргийг нэгтгэсэн Стратегийн нэгдсэн командлалын штабыг нээжээ.
Үүнтэй холбоотой Норвеги улс батлан хамгаалахын зардлыг 3,4 хувиар нэмж 5,6 тэрбум долларт хүргэв. Норвегичууд танкуудаа шинэчилж, агаарын эсэргүүцэх хүчээ сайжруулж байна.
Энэхүү зэвсэглэлийн хөөцөлдөөн нь Арктикийн байгалийн баялагт чиглэсэн улс орнуудын сонирхолтой холбоотой юм.
Арктикийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар арктикийн дайн болвол Ломоносовын нуруунд эхлэх аж. Энэ нурууны доор асар их хэмжээний газрын тос, байгалийн хий бий. Одоогоор энэ ордод олборлолт явуулах эрх нэг ч оронд байхгүй. Гэвч Орос, Дани, Канад улсууд аль хэдийнэ санаархаж байгаа. Эхэндээ олборлох эрхийг НҮБ-ын тусгай байгууллагаас олгодог байсан бол өнөөдөр олон улсын харилцаанд олон асуудлыг нэг талын журмаар гүйцэтгэдэг болж. Ийм маягаар ОХУ Крымийг нэгтгэж, хятадууд далайд хиймэл арал барьж эхлэв. Тиймээс оросууд Ломоносовын нурууг ямар нэгэн шалтаг хэлэн өөртөө авахыг үгүйсгэхгүй.
Арктикийн асуудалд Орос, Америкийн цөмийн зөрчилдөөн нөлөөлж байгаа. Хүйтэн дайны үед АНУ, ЗХУ хоёр цөмийн зэвсэгтэй байсны ачаар дэлхийд айдас дээр тогтсон хүчний тэнцэл байсан. Гэвч хүйтэн дайны дараа америкчууд пуужин эсэргүүцэх системээ идэвхжүүлж дээрх тэнцвэр алдагдав. Энэ хооронд оросууд Арктикт цэргийн тусгай хүчээ зузаатгав. Зорилго нь онцгой нөхцөлд Аляск, Канадад байгаа пуужин эсэргүүцэгчдийг барьж авах.
АНУ тийм ч идэвхтэй ажиллахгүй байна. Лалын бүлэглэл, Украйны хямрал, Өмнөд Хятадын тэнгист үүссэн нөхцөл байдал зэрэг асуудал мундахгүй. Арктикт АНУ-ын зөвхөн 2 мөс зүсэгч хөлөг бий. Харин Канадад 6, оросуудад 38 байгаа. Америкийн эрх баригчид хэрэв АНУ Арктикийн тэмцэлд оролцож эхэлвэл хүч нь тарамдана хэмээн болгоомжилж байна.
Нэмэлт мэдээлэл
Ломоносовын нуруу гэдэг нь Хойд мөсөн далайн усан доорхи нуруу юм. Оросуудын тооцоолсноор Ломоносовын болон Менделеевийн нуруун дор таван тэрбум тонн газрын тос, байгалийн хий байгаа аж.