Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.07.10

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ

Наадамчин олон та бүхэндээ Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

 Монгол орныхоо өргөн уужим нутагт үндэсний их баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж, үр тариа, ургац буудайныхаа үр шимийг хүртэн, олон түмнээ он удаан жилийн турш үндэсний баялаг болсон эрүүл хүнсээр хангаж буй малчид, тариаланчид, үндэсний үйлдвэрлэгчид болон нийт наадамчин олон та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. 

           Энэ жил хүнс, хөдөө аж ахуйн салбар ололт амжилтаар дүүрэн байна. Та бид 18 сая төл хүлээн авч, Монгол Улсын малын тоо 70 гаруй саяд хүрлээ. Хавар хур бороо тааруухан, гандуу эхэлсэн боловч ажилч хичээнгүй та бүхний минь арвин их хөдөлмөрийн үр дүнд 511,2 мянган га газарт амжилттай тариалалт хийлээ. Дотоодынхоо хэрэгцээг хангах хүнсний үйлдвэрүүд ч мөн үүд хаалгаа нээж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна. 
           Наадамчин олон та бүгдийн бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.