Шинжлэх ухаан, эдийн засаг хоёрын "уулзах" цэг
Монголд шинжлэх ухаан, эдийн засаг хоёр ямар ч холбоогүй явж ирлээ
2015.07.29

Шинжлэх ухаан, эдийн засаг хоёрын "уулзах" цэг

Монголчууд бэлэнчлэх сэтгэлгээтэй гэдгийн нэг баталгаа нь манай улсын эдийн засаг. Унах унаанаас эхлээд халбага сэрээгээ хүртэл гаднаас авч бэлэнчилдэг. 1990-иэд онд ганзагын наймаанд явдаг байсан хүмүүс өнөөдөр том том сүлжээ дэлгүүрүүд бариад импортын бараагаар лангууг нь дүүргэчихсэн.

Социализмын үед ядаж хөдөө аж, ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолдог байсан бол тэр нь 1990-иэд оны шуурганаар үгүй болж улсын олон арван үйлдвэр дампуурсан. Дараа нь барилгынх нь тоосгыг зөөгөөд дууссан. Нэг үгээр хэлбэл Монголын эдийн засаг нь төр, олон нийтийн өмчөөр тоглосон, албан тушаал, эрх мэдлээ ашиглаж төсвийн мөнгө хулгайлсан этгээдүүдийн бохир тоглоомын талбар болсоор ирсэн. Харин зах зээлийнхээ жамаар хөл дээрээ босъё гэсэн, жаахан ч болов үйлдвэрлэлийг хөгжүүлье гэсэн бизнес эрхлэгчид тэдний хөлд хайр найргүй сүйдсээр байна.

Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчлэн Монгол улсад үйлдвэрлэл жинхэнэ ёсоор хөгжих үе ирнэ. Энэ шаардлагыг ард түмэн ч тэр, төр нь ч тэр ойлгож байх шиг. Хэдий болтол олсон хэдэн төгрөгөө импортын бараанд өгч гадагш урсгах вэ?

Хэрэглэгч эдийн засгаас бүтээлч эдийн засаг руу

2015 оны хаврын чуулганаар УИХ нэгэн чухал хууль баталсан нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль юм. Энэ хууль нь үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулах санаачлагыг дэмжсэн хууль болжээ. Тодруулбал ийм санаачлага гаргасан үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчийг төрөөс 50-75 хувийн санхүүжилтээр дэмжих аж. Энэ нь шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил хоёр хамтран ажилладаг болж эрдэмтний боловсруулсан төсөл үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой болно гэсэн үг. Ингэснээр өнөөг хүртэл өндөр хананы хоёр талд байсаар ирсэн, нэг нэгэндээ ямар ч нэвтрэлгүй байсан шинжлэх ухаан, эдийн засаг хоёр “уулзах” эхний алхам болох нь. Бизнесийнхэн голдуу гадны өндөр үнэтэй технологиудыг худалдан авч их зардал гаргадаг байдал буурна.

Үйлдвэрлэлд инновацийг дэмжсэн энэ хууль гэнэтхэн гараад ирсэн хэрэг биш юм. Сүүлийн хэдэн жилийн туршид Засгийн газар, УИХ-ын түвшинд дуншсаны эцэст Аж Үйлдвэрийн яамны гараар хууль болж гарав.

Энэ бол зөвхөн эхний алхам. Шинжлэх ухаан эдийн засагт үр өгөөжөө өгч олон ноу-хау бий болж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд дотоодод гараад эхэлвэл бид зөв замдаа орно.