Муур, болжморын эсрэг зарласан Засгийн газрын дайн
2020 он гэхэд 6.6 сая долларын хөрөнгөөр 2 сая тэнэмэл муурыг устгана
2015.07.22

Муур, болжморын эсрэг зарласан Засгийн газрын дайн

Австралийн Засгийн газар 2020 он гэхэд 2 сая орон гэргүй муурыг устгахаар төлөвлөжээ. Учир нь Засгийн газрын үзэж буйгаар муурнууд Австралийн ховордсон төрөл, зүйлийн амьтад руу дайрч, байгальд асар их хохирол авчирдаг аж. Муурын устгалд зориулж 6.6 сая доллар төсөвлөхөөр болжээ. 

Австралийн Байгаль орчны сайд Грег Хант: тэнэмэл муурнууд бол хорлон сүйтгэгчид, тэднийг устгахын тулд төрөл бүрийн арга хэрэглэнэ гэж мэдэгдэв. Ингэхдээ голдуу буудах, хордуулах аргыг ашиглах аж.

Энэ шийдвэр амьтан хамгаалагчдын эгдүүцлийг хүргэж олон тооны шүүмжлэл дагуулав. Шүүмжлэлийн хариу болгон сурталчилгааны дүрс бичлэг гаргажээ. Уг дүрс бичлэг нь “Бид муурыг үзэн ядаагүй, гэхдээ тэдний зэрлэг байгальд учруулж буй хор хохирлыг тэвчиж болохгүй. Эдүгээ 120 гаруй зүйлийн амьтан мөхлийн ирмэгт байна” гэсэн утгатай аж.

Европчууд муурыг анх 200 жилийн өмнө Австралид авчирсаны дараа тус тивд төдийгүй Шинэ Зеландад түргэн тархжээ. Австралийн 20 сая муур өдөрт 75 сая орчим амьтныг барьж иддэг байна.

Амьтдын төрөл зүйл цөөрсөн тоогоор Австрали улс хамгийн муу үзүүлэлттэй. Европчууд энэ тивд очсоноос хойш 29 сүүн тэжээлтэн мөхөж алга болжээ. Өнөөдөр 1800 орчим зүйл мөхлийн ирмэг дээр ирээд байна.

Хорлон сүйтгэгч, эдийн засагт хохирол учруулагч нэрийдлээр амьтны эсрэг явуулж байсан кампанит ажлын жишээнүүд цөөнгүй. Хамгийн тод жишээ нь Хятадад 1958-1962 явагдсан хөдөө аж ахуйн шинэчлэлийн үеэр Мао Цэдуны болжморын эсрэг явуулсан дайн юм.

Кампанит ажлын зорилго нь харх, шумуул, ялаа, болжмор гэсэн дөрвөн хорлон сүйтгэгчийг устгах байв. Энэ дайнд хамгийн их өртсөн нь болжмор байлаа. Тэр үед Хятадын эрдэмтэд болжмороос болж 35 сая хүнийг тэжээх хэмжээний ургацыг жилд алддаг гэж үзжээ.

Болжмор агаарт 15 минутаас илүү байж чаддаггүй. Бүх тариачид, сурагчид, хотын оршин суугчид байшингийнхаа дээвэрт гаран хашгирч, төмпөн, бөмбөр зэрэг болжморыг үргээж болох зүйлийг чанга нүдэх ёстой байлаа. Тамирдсан болжморууд газарт унан үхэж байсан нь устгагчдад урам зориг оруулав. Ингэснээр үхсэн болжмор уул овоо адил болов.

Болжморын ан

Гэвч хичнээн хэмжээний харх, ялаа, шумуул устгасан талаар тоо баримт байхгүй. Учир нь тэднийг зүгээр нэг агнаад устахгүй.

1958 оны 4 дүгээр сард Бээжин, Шанхайд гуравхан өдрийн дотор 900 мянган болжмор устгажээ. Харин 11 дүгээр сар гэхэд бүрэн бус тоогоор 1,96 тэрбум болжмор устгав. Бээжин болон далайн эргийн мужуудад болжмортой хамт бүх жижиг шувуудыг устгаж орхижээ.

Кампанит ажил эхэлснээс жилийн дараа ургац хураалт сайжирсан ч царцаа мэтийн шавьжнууд олноор үржиж ургамлын соёолсон үрийг сүйтгэх болов. Цаашдаа ургацын хэмжээ багассанаар улс оронд өлсгөлөн нүүрлэв. Өлсгөлөнгөөс болж 15 сая хүн нас баржээ.

Хожим нь хятадууд хөрш орноосоо амьд болжморууд аван үржүүлэх болов.

21 дүгээр зууны эхээр Хятадад болжморыг хамгаалах кампанит ажил эхэлсэн юм.  

Хятадын их өлсгөлөн