АНУ нэг цагт 4 сая долларыг дайнд зарцуулдаг
Афганистан дахь АНУ-ын цэргүүд
2015.07.16

АНУ нэг цагт 4 сая долларыг дайнд зарцуулдаг

Америкчууд цаг болгон 4 сая долларыг Афганистан дахь цэргийн ажиллагаанд зориулдаг гэсэн тооцоог National Priorities Project хэмээх АНУ-ын төсвийг судалдаг ТББ-ынхан гаргажээ.

Судалгаанд бичсэнээр 2001-2015 оны 9 дүгээр сарын 30 гэхэд АНУ 715 тэрбум долларыг Афганистанд, 819 тэрбум долларыг Иракад, 6 тэрбум долларыг Исламын улстай тэмцэхэд зарцуулна гэжээ. Ингээд нийт зарлага нь 1,64 их наяд доллар болж байна. 

Ираны  Press TV телевизийн мэдээлснээр энэ тооцоонд шархтанд үзүүлэх эмнэлгийн тусламж, цэргийнхэнд өгөх тэтгэмж, түүнчлэн дайнаас болж өссөн гадаад өрийн зарлага багтаагүй аж. Афганистан дахь нэг америк цэрэгт жилд дунджаар 1 сая доллар зарцуулдаг аж. 

Өнөөдөр Афганистанд 10 мянган цэрэгтэй анги, мөн НАТО-гийн 3 000 цэргийн албан хаагчид бий.  АНУ-ын төлөвлөснөөр 2015 оны төгсгөл гэхэд америк цэргийн тоо 5000 болж, харин 2016 оны төгсгөлөөр бүх гадны цэргүүд гарах ёстой аж. 

АНУ болон түүний холбоотнууд 2001 оноос “Талибан” хөдөлгөөний эсрэг тэмцэж байгаа билээ. 10 гаруй жилийн дайны явцад олон мянган афган иргэн, хэдэн мянган гадаадын офицер, байлдагчид амиа алдав.