Ерөнхий сайдын шаардлагыг намын дүрмээр шийднэ гэв
АН-ын бүлэг
2015.08.03

Ерөнхий сайдын шаардлагыг намын дүрмээр шийднэ гэв

Өглөөний 10 цагаас хойш үд дунд хүртэл хуралдпсан АН-ын бүлгийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгал дунд болсон тухай эх сурвалж мэдээлэв. 

Ч.Сайханбилэгийн танхимын зургаан сайдыг чөлөөлөх  жижиг эрх ашгаас илүү чухал асуудал байгааг ЗГХЭГ-ын дарга бүлгийн гишүүддээ сануулсан гэх. Ямар ч байсан бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүтэн  таван цаг орчим хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцсэнийг хэвлэлийнхэнд товчхон танилцуулсан юм. Тэрбээр “Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль зэрэг таван хуулийг АН-ын бүлэг 100 хувь дэмжиж ажиллах болно.Засгийн газрын гишүүдийн асуудал Ерөнхийлөгчтэй зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа. Хэрэв ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудал хэлэлцэгдэхгүй бол дахин  ээлжит бус чуулган зарлана. Ерөнхий сайдын зүгээс АН-ын даргад өргөн барьсан шаардлага манай намын дүрмээр явагдана. Манай намын дүрэмд ҮЗХ намын дарга нь хуралдуулах шийдвэр гаргадаг. Үгүй бол гишүүдийн гуравны нэг нь шаардлага тавьсан тохиолдолд  ҮЗХ-г хуралдуулж болно” гэв.

Эх сурвалжаас авсан мэдээгээр бол Ерөнхий сайд засгийн зургаан гишүүний асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хугацаа ажлын тав хоног байдаг юм байна. Мөн олонх болоогүй олон намаас бүрдсэн Засгийн газрын тэргүүн заавал намын дарга байх шаардлагагүй гэдгийг ч бүлгийн хуралдаанаар ярилцсан бололтой.

Ийнхүү бүтэн таван цаг хаалттай хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаас олонх нь МАН-ын зургаан сайдыг явуулах хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлжээ. Тэгвэл зарим нэг хүмүүс цаг үеийн нөхцөл байдал хүнд үед засгийн асуудлаас илүү чухал асуудал олон байгааг бүлгийн гишүүддээ сануулсан гэх мэдээлэл байна.