Монголын ардчилал бол ард түмний нэг удаагийн сонголт биш
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2015.07.30

Монголын ардчилал бол ард түмний нэг удаагийн сонголт биш

Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан "Шангри Ла" зочид буудалд болж байна.

Хүндэтгэлийн хуралдааны эхэнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан" гэдгийг онцлоод, "Монголын ардчилал бол Монголын ард түмний нэг удаагийн сонголт биш" гэдгийг тэмдэглэлээ.

Үүний дараа анхны сонгуулийн талаарх баримтат киног хурлын зочдод сонирхууллаа. Хүндэтгэлийн хуралдаанд  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид хүрэлцэн ирж, оролцож байна.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан даргалж байгаа юм.

Баримтат киног толилуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хурлын зочид, төлөөлөгчдөд илтгэл тавилаа. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг Бан Ги Мүний улс төрийн орлогч уншиж, танилцууллаа. 

Түүнчлэн нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын Захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Харин яг одоо баярын хурал түр завсарлаад байна.