Казиногийн хууль амь орж эхэллээ
Өчигдөр намыг бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх хуулиуд дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Ингээд та бүхэнд бүлгүүдийн байр суурийг тоймлон хүргэж байна.
Казиногийн хуулийг ярилцав
АН бүлгийн хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонсож, хэлэлцсэн асуудлын талаараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ж.Батзандан нар мэдээлэл хийсэн.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хэлэлцээрээс гадна амжуулсан ажлаа танилцуулжээ. Тодруулбал, нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулсан талаар мэдээлэл өгсөн байна. Дубайн айлчлалын хүрээнд Монголоос махан бүтээгдэхүүн экспортод гаргахаар болжээ. Энэ чиглэлээр манайд үйлдвэр байгуулах боломжтой талаар мэдээллийн үеэр дурдсан байна. Үүнтэй уялдуулан махны экспортын стандартыг нэг түвшинд авчрах талаар санал хэлсэн байна.
Харин УИХ-ын дарга АН-ын бүлгийн хуралдаанд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцсан талаараа мэдээлэл хийлээ.
Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулан казино, чөлөөт бүс байгуулах талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг бүлгийн хуралдаанд хэлжээ. Энэ асуудлаар бүлгийн гишүүд харилцан санал солилцож, Дубайгийн нисэх буудал дээр байрлах чөлөөт бүсийн загвараар Монгол Улсад чөлөөт бүс хөгжүүлэх боломж байна гэж үзжээ.
Дубайн чөлөөт бүс дэх жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж. Тиймээс 6-7 цагийн нислэгтэй Дубайг зорьж буй Хятадууд 1-2 цаг нисээд Монголд ирэх давуу талтай. Тиймээс казино байгуулах нэг компанид санал тавих нь оновчтой гэж УИХ-ын дарга саналдаа тусгажээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлэг гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус намын бүлгээс ажилгүйдэл, хот төлөвлөлт, шинэ хөдөө гэсэн гурван дэд ажлын хэсэг байгуулжээ.
Хот төлөвлөлт, шинэ хөдөө ажлын дэд хэсгийн ахлагч С.Одонтуяа “Энэ долоо хоногт анхаарал тавьж ажиллах зүйл бол Шинэ яармаг төсөл. Яармагийг иргэд тэндээ сургалт үйлдвэрлэлийн төвд сураад ажлын байр, орон байраар хангагдах чухал төсөл дээр АН-ын бүлэг ажлын хэсэгт хуваагдаад ажиллаж байна” гэсэн юм. Ямартай ч хэсэг хугацаанд чимээгүй байсан Казиногийн тухай хуулийн сураг, ажиг АН-ын бүлгээс гарлаа.
Ерөнхий сайдад дургүй бүлэг
Харин нөгөө талд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийнхэн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай асуудалд гарын үсэг зурсан нэр бүхий гурван гишүүний мэдээллийг сонсчээ.
Энэ нь Дубайд байгуулсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдсон байна. Ингэхдээ бүлэг маргааш дахин хуралдаж, уг асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсохоор болжээ.
Учир нь О.Баасанхүү тэргүүтэй хэсэг гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдээс хураагаад эхэлсэн. Өргөдлийн байнгын хорооны даргын хэлж буйгаар одоогийн байдлаар нэр бүхий таван гишүүн зөвшөөрчихсөн байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.
Харин бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл аж. Бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос гадна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, нухацтай хэлэлцэх шаардлагатай байгаа талаар бүлгийн гишүүдээс санал гаргасан байна.
Түүнчлэн Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийн талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас мэдээлэл сонсож, холбогдох асуудлаар тодруулга, тайлбар авсан байна.
Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзсэн тухай УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга энэ үеэр онцоллоо.
Сангийн сайдыг огцруулана гэнэ үү
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тодруулах зүйл их байгааг дурдлаа.
Тухайлбал, төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн нь хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй гэдгийг онцлов.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жилд 7.8 хувийн өсөлттэй байсан. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа 5 хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад 6 тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн 4 тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна.
Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний 5.5 дахь заалтад “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг. Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулан, гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэсэн юм.
Тэд энэ үеэрээ "Оюутолгойг явуулахыг хориглоогүй, гагцхүү муу гэрээг сайжруулаагүй байж дахин зээл авах ёсгүй байсан" гэх байр суурьтай байгаа гэдгээ тайлбарлаж байлаа.