Ч.Улаан сонгуулийн өөр тогтолцоог санал болгожээ
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
2015.04.21

Ч.Улаан сонгуулийн өөр тогтолцоог санал болгожээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг голчлон хэлэлцжээ. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Р.Бурмаа бүлгийн хуралдаанд оролцож мэдээлэл өгсөн байна. Сонгуулийн хуулийн ажлын хэсгээс одоогийн сонгуулийн тогтолцоог дэмжсэн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болж, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлэх тогтолцоог оруулах санал гаргасан байна.

Энэ талаар бүлгийн дарга Н.Батцэрэг “Монгол Улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Сонгогч хүнийг дугуйлна, ингэхдээ 76-гаас сонгоё гэснээ дугуйлна. Хүний дугуйлсан санал намын сагсанд очно. Хүнээ эрэмбэлнэ, зөвхөн намаараа эрэмбэлүүлэх биш сонгогчоороо эрэмбэлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Одоогийн ажлын хэсэг дээр ийм хувилбар орж ирээгүй, бүлэг энэ хувилбарыг албан ёсоор гаргаагүй ч дэмжиж болох хамгийн боломжтой хувилбар.

Сонгогдсон гишүүд нь нийт сонгогчдын саналыг авч чадах эсэхээ шийдэх боломжтойгоороо онцлог” гэлээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд бүхэлд нь дэмжжээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Я.Содбаатар нарын гишүүдийн өргөн барьсан ижил төрлийн Худалдааны тухай хуулийн төслүүдийг нэгтгэх шаардлагатай гэж үзжээ.