З.Баянсэлэнгэ: Завсарлага авсан нь хэн нэгэн улстөрч, нам бүлэгт таалагдах албагүй
УИХ-аар хэлэлцэж буй хоёр чухал асуудал болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох УИХ-ын тогтоолын төслөөр "Шударга ёс ” эвсэл завсарлага авсан. Энэ талаар тус булгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодрууллаа.
-Танай эвсэл уул уурхайн салбарын хоёр гол асуудлаар завсарлага авлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
Сүүлийн үед манай бүлэг уул уурхай, ашигт малтмал, стратегийн орд газартай холбоотой асуудлуудад ач холбогдол өгч завсарлага авч байгаа. Нэг талаасаа төрийн ажлыг гацааж байгаа мэт харагдаж байгаа ч бодит байдал завсарлага авахгүй байхын аргагүй болж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн парламентад явж байгаа нэг жишиг байна. Ихэвчлэн баяр ёслолын үеэр эсвэл УИХ- ын чуулган завсарлахаас өмнө улс орны эрх ашгийг хөндсөн томоохон хуулийн төслүүдийг хурдан хугацаанд гаргадаг. Ийм байж бодохгүй, .
Одоо хэлэлцэж. буй эдгээр асуудал нь парламент дээр бидний гол зөрчилддөг зүйлсийг үгүйсгэсэн байна. Оюутолгойн гэрээ, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах, Гацууртын орд зэрэг чухал асуудал байгаа. Өмнөх “Цагаан суварга”-ийн асуудал хүртэл бий шүү дээ. Эсрэг байр суурьтай байгаа гишүүдийн хувьд Оюутолгойн гэрээг ард түмэн, улс орны эрх ашгийг зөрчсөн гэрээ хийсэн гэдгийг өнөөг хүртэл ярьж байгаа.
Тэгвэл өнөөдөр ганц хоёрхон хоногийн дотор хэлэлцээд батлах гэж байгаа том асуудал нь эцсийн дүндээ дараа дараагийн ард түмнийхээ өмнө хэрхэн ажилласнаа харуулах, сайн муу дүнгээ тавиулах чухал хуулийн төслүүд юм. Тиймээс яаран сандран хэлэлцэх нь тийм ч сайн үр дүн авчрахгүй.
-Эдийн засаг хүнд байгаа ийм үед УИХ-ын ажлыг ингэж уях хэрэг байна уу?
Гишүүдийн идэвх суларсан энэ үед гадны хөрөнгө оруулагчдад ашигтай, улс эх оронд хохиролтой ийм хувилбарууд оруулж ирэхгүй байхын аргагүй байгаа учраас “Шударга ёс” эвсэл энэ бүхэн дээр завсарлага авсан гэж болно. Ер нь асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байгаа. Уг нь хуулиа үргэлжлүүлээд хэлэлцье гэвэл цаашаа явж болно.
Нэг хоногийн дотор байнгын хороо, нэгдсэн чуулганаар оруулаад явах боломж бий. Гагцхүү үүний цаана учрах үр дагаврыг тооцох хэрэгтэй. Их хурлын 76 гишүүн үүнд хариуцлага үүрнэ. Хэрэв үр дүнтэй болвол УИХ 76 гишүүн сайн ажилласны илэрхийлэл болох учиртай. Тиймээс энэ үр дүнг сайн тооцож хандаасай.
Энэ намрын чуулганы цөөн хэдэн үлдсэн хоногт яаран оруулахгүйгээр ул суурьтай байж байгаад хаврын чуулганаар оруулаасай гэж байгаа юм. Гишүүд ч Их хурлын даргад уриалж хэлсэн учраас үүнийг хүлээж авч ажил хэрэг болговол хаа хаанаа хэрэгтэй байх.
-Хэлэлцэж буй асуудалтай сайн танилцаагүйн улмаас завсарлага авлаа гэсэн шүүмжлэлийг хэлж байсан?
Хэн нэгэнд таалагдах албагүй. Өнөөдөр ямар ч нам эвслийн бүлэг парламентад хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой завсарлага авдаг. Улс төрийн ийм л ганц арга байгаа шүү дээ. Завсарлага авсан нь хэн нэгэн улстөрч, нам, бүлэгт таалагдах албагүй. Энэ завсарлага авах нь аль ч тохиолдол, хэнд ч таалагддаггүй асуудал. Таалагддаггүй гэдэг үүднээс янз бүрийн шүүмжлэл тавьж байна. Эцсийн эцэст ард түмнийг төлөөлж суугаа бол тэдэнтэйгээ амьсгал нэгтэй санал бодлыг сонсож, үгээ хэлдэг байх хэрэгтэй.
Иргэдийн дуу хоолой болж энэ парламентын зөв бурууг нь шүүж‘, ярьдаг байх ёстой. Тэрнээс биш ард түмнээсээ тасарчихсан. Харин ард иргэдээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа нам, эвслийн бүлэг рүү өөрсдөд нь таалагдахгүй байгаа зүйлийн төлөө дайрч давшилж болохгүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй асуудал шүү дээ.