З.Баянсэлэнгэ: С.Баярцогтыг огцруулах нь гишүүний бүрэн эрхийн асуудал
Шударга ёс эвсэлийн бүлэгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ.
2015.02.09

З.Баянсэлэнгэ: С.Баярцогтыг огцруулах нь гишүүний бүрэн эрхийн асуудал

Шударга ёс эвсэлийн бүлэгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ. мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Түрүүхэн АН-ынхан мэдээлэл өгөхдөө ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг ор үндэслэлгүйгээр огцруулах гэж байна хэмээн тайлбарласан. Ер ямар үндэслэлүүдээр огцруулах  саналыг танай бүлгийн гишүүд өргөн барьсан юм бэ?

Гишүүд энэ асуудлаар ярилцлаа. Хоёр гишүүнээсээ санал бодлыг нь сонслоо. Эрдэнэс Оюутолгой төрийн өмчит компанид хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийг санхүүжилт өгөхөөр энэ оны улсын төсөвт суулгасан байна гэсэн үндэслэл тавьсан.

Энэ мөнгийг улсын төсөвт суулгах үйл явц нь ЗГХЭГ-ын даргын гарын үсэгтэйгээр, зөвшөөрөлтэйгээр суулгагдсан байгаа. Өмнө нь бас 455 сая төгрөгийг энэ хуулийн байгууллагад шилжүүлсэн юм байна. Энэ байгууллага нь эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр ажилладаг компани аж.

-Шударга ёс эвслийн бүлэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа юу?

Ер нь манай бүлгийн хоёр гишүүн огцруулах хүсэлтийг өргөн барьсан байгааг Шударга ёс эвслийн бүлгийн үзэл бодол гэж ойлгох нь өрөөсгөл болох байх. Өөрөөр хэлбэл энд хамтарч өргөн барьсан бие даагч гишүүдийн төлөөлөл байгаа.

Энэ өргөн баригдсан асуудлууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай яригдчихсан асуудал. Засгийн газрын гишүүнийг огцруулахаар өргөн барих нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх байдаг. Энэ огцруулах саналтай холбоотой холбоотойгоор С.Баярцогт гишүүнийг тойрсон олон асуудал нэг мөр болох байх.

-Гацууртыг ордын хувь хэмжээг заахдаа төрийн мэдэлд 20 хувь гэсэн заал оруулаад ирсэн байна?

Өнөөдөр ашигт малтмалын тухай хууль нэмэлт оруулснаар тухайн стратегийн ордын нөөцтэй холбогдуулан төрийн хувь хэмжээг тогтооно гэсэн зүйл заалт бий. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулж байгаа нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох, магадгүй хэлбэлзэл гарах байх гэж тайлбарлаж байгаа боловч төр 20 хувийг нь л эзэмших юм байна.

Бид үүн дээр санал нийлэхгүй байгаа. Нөөц нь тодорхой болсон энэ ордоос төр эзэмших хувийг 20 хувиар тогтоох юм бол жил, жил хагасын дараагаар ашгийг нь хүртэх боломжтой хэмээн уул уурхайн салбарынхан ярьж байна. Тэгэхээр үүний цаана маш олон хардлага төрүүлэхүйц зүйл байна гэж Шударга ёс эвслийн бүлэг үзсэн.

-Шударга ёс эвслийн бүлэг цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэрхэн үзэж байгаа вэ?

Засгийн газрын бүтэцэд нэмэлт өөрчлөлт оруулах үед бид эсрэг байр суурьтай байсан. Ер нь Цөмийн энергийн газрыг татан буулгах нь буруу шийдвэр байлаа. Шударга ёс эвслийн уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа чуулган болон холбогдох байнгын хороон дээр нь илэрхийлэх болно.