Эвслийн бүлэг Засагт хамтарснаараа хохирч үлдэж болохгүй
УИХ дахь МАХН-МҮАН, “Шударга ёс” эвслийн бүлэг
2015.02.02

Эвслийн бүлэг Засагт хамтарснаараа хохирч үлдэж болохгүй

УИХ дахь МАХН-МҮАН, “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ. Гэтэл "Шударга ёс” эвслийн гишүүдийн өргөн барьсан  хуулийн төслүүдийн ихэнхийг намрын чуулганаар хэлэлцээгүй гэж тус бүлгээс мэдэгдлээ. 

“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Бид  Шинэчлэлийн Засгийн газар, их эвслийн Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагийнхаа төлөө хохирч болохгүй. Манай бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдээс нэг нь ч  намрын чуулганаар хэлэлцэгдсэнгүй.

Олон түмний хүлээлт  үүсгээд байгаа Гэмт хэргийн өршөөл үзүүлэх тухай хууль  намрын чуулганд амжихааргүй боллоо. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед Гэмт хэргийн өршөөлийн хуулийг  Эдийн засгийн өршөөлийн хуультай  хамт хэлэлцүүлэх байр суурийг бид өмнө нь илэрхийлж байсан. 

24 гишүүний гарын үсэгтэй энэ хуулийг Гэмт хэргийн хуулийг  өргөн барихаас хамаарч хэлэлцэхийг хойшлуулж байгаа. “Шударга ёс” эвслийн бүлгээс ирэх хаврын  чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг лавламаар байна.  Энэ асуудалд УИХ-ын дарга, УИХ-ын тамгын газар хариулт өгөх ёстой” гэлээ. 

Цаашид байдал энэ чигээрээ үргэлжилбэл “Шударга ёс” эвслийн бүлэг улстөрийн өөр  сонголт хийх болно гэж бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ үеэр мэдэгдсэн юм. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай  хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай   зэрэг нийт зургаан хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх “Урт нэртэй” хуулийн журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өмнөхөөс нь дордуулсан тохиолдолд дэмжихгүй байхаар,  Монголын Улсын хүний эрхийн комиссын тухай хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслийг  дэмжихээр тогтсон байна. 

Мөн энэ Засгийн газар болон яамдууд мэргэшсэн төрийн албан хаагчийг ихээр халж байгааг эсэргүүцэж байгаа гэв. Тиймээс төрийн албан хаагчдыг халахгүй байх талаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ гэлээ.