О.Баасанхүү: Сайд нарынхаа ажлыг дүгнэх санал гарсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах тодруулгыг авлаа.
-МАХН-ын Бага чуулган уржигдар орой хуралдсан. Энэ хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн юм бэ?
-Бага чуулганаар МАХН-аас мандат авч улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүсийн тайланг сонссон. Үүнд дээр шүүмжлэлтэй асуудал гарсан. Гэхдээ ямар нэгэн хариуцлагын асуудал яригдаагүй.
-Тухайлбал, ямар албан тушаалтай хүнийг шүүмжилсэн юм бэ?
-Хувь хүнийг шүүмжилсэн юм биш. Бодлогын төвшинд шүүмжлэл гарсан. Ямар бодлогыг дэмжих үү, аль хуулийн төслийг батлах ёстой вэ гэх мэтээр ярилцсан. Тухайлбал, Өршөөлийн тухай хуулийг одоо хүртэл шийдээгүй байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулсан.
-Танай нам Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор сайд нараа сэлгэх асуудлыг ярьсан юм биш үү. Шадар сайд Д.Тэрбишдагвыг өөрчлөх юм уу?
-Одоохондоо сайд нарыг сэлгэх асуудал яригдаагүй. “Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлаар сонгогчид манай намд дүн тавих учраас сайд нар сайн ажилласан байх ёстой. Одоо ажиллаж байгаа хүмүүс сайн ажиллаж байгаа эсэхийг дүгнэх хэрэгтэй. Муу ажилласан гэж үзвэл дараагийн ээлжид ямар хүн ажиллах вэ гэдгээр нухацтай ярилцъя” гэдэг саналыг гишүүдийн зүгээс гаргасан.
-Н.Батцэрэг гишүүний нэрийг яагаад УИХ-д өргөн барихгүй байгаа юм бэ. Зөвхөн МҮАН бус танай хоёр намын хамтын шийдвэр учраас танаас асууж байна?
-Манай бүлэг Н.Батцэрэг гишүүнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлээд Ерөнхий сайдад уламжилсан. Ерөнхий сайд Засгийн газрын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа илгээсэн юм билээ.
Ерөнхийлөгч одоогоор саналаа өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хугацаа нь л ингээд таарчихлаа. Гэтэл МАН-ын бүлэг үүгээр улс төр хийж байгаад харамсч байна. Нэг ч гэсэн яам эзэнтэй болж байвал тэр яамны ажилд, хүмүүсийнх нь нийгмийн асуудал баталгаатай болно.
-“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга сайд болбол суудлын харьцааныхаа дагуу МАХН-ын гишүүн бүлгийн дарга болох ёстой юу?
-Тэгэх ёстой гэж бодож байна. Бүлэг тухайн үед нь нэр дэвшигчдээ тодруулаад санал хураагаад шийдэх байх.