Д.Ганбат: Засаглал хуваах зарчимд нийцсэн
УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Ардчилсан намын фракциуд тохиролцоонд хүрснээр Ерөнхий сайд гурван ч сайдын нэрийг дэвшүүллээ гэж ойлголоо, зөв үү. Одоо асуудал үүсэхгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөгөөг дутуу биелүүллээ?
-Яах вэ, Ерөнхий сайд засаглал хуваах зарчимдаа нийцүүлээд сайдад нэр дэвшигчдийн нэрийг өргөн мэдүүллээ. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар бүх сайд нар “Давхар дээл”-гүй байх ёстой гэсэн зарчим ч бас байхгүй. Гэхдээ энэ нь цаашдаа ч Засгийн газар парламентын гишүүдээсээ танхимаа бүрдүүлэх ёстой гэсэн үг бас биш. “Давхар дээл”-гүй сайдаар Засгийн газрын танхимыг бүрдүүлэх тогтолцоо руу шилжих ёстой. Үүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас хэрэгжихээр энэ парламент хууль эрх зүйн орчныг батлах шаардлагатай л гэж бодож байна.
-Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлсэнд чамлах хүн цөөнгүй байна. Эдийн засаг хүнд үед Р.Амаржаргал гишүүн нь илүү ажиллах байсан юм гэх?
-Ардчилсан нам боловсон хүчинтэйг л харуулж байгаа юм. Д.Зоригт гишүүний тухайд сайдын албандаа томилогдоогүй, ажлаа эхлээгүй байна. Ийм үед “тийм, ийм” гэх нь зохисгүй. Юу хийхийг нь харах хэрэгтэй.
-Ардчилсан нам Сангийн яамыг мэдэлдээ авч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт шилжүүлэхээр боллоо. Эвсэл зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Тийм л болж таарч байна.
-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн сайдын суудал танагдаж, гурав боллоо. Үүнийг эвсэл бас зөвшөөрсөн юм байх даа. Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ энэ тухайгаа ярьсан уу. Гишүүд асуусан уу?
-Эвсэлтэй ярилцаж, тохиролцсон, гэрээний дагуу асуудал шийдэгдэж байна гэж хэлсэн.
-Сангийн яамыг эрх баригч хүчин мэдэлдээ авлаа. Гэхдээ гол бүтээн байгуулалт хийдэг яамыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд шилжүүллээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас эрх баригч хүчний хувьд Сангийн яамыг мэдэлдээ авах шаардлага байна л гэж үзсэн хэрэг болов уу. Миний хувьд, МоАХ фракцийн хувьд нэг л зүйлийг намын гишүүддээ хэлж байгаа.
Урд хөршийн эдийн засаг жил тутамд тогтвортой долоон хувиар өссөн байхад Монгол Улсын эдийн засгийн өсөлт жилийн 14 хувьд хүрч байснаа зургаан хувь болж буурлаа. Үүнийг даруй засах ёстой. Гурван сая хүрэхгүй хүн амтай, асар их баялагтай орны эдийн засгийг ингэж унагааж болохгүй гэдэг байр суурь барьж байгаа.
Эдийн засгийг сэргээх арга хэмжээ авахдаа цаг их алдаж байгаа тал бий. Цаашид бид Засгийн газрын сайд нарыг шахаж, шаардаж, сонгогчдынхоо хүсэн хүлээж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана. Чингис бонд, Хөгжлийн банкны хөрөнгийг эргээд мөнгө болох төсөлд зарцуулахыг шаардана.
-Саяхан таныг УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн гишүүн боллоо гэж байсан. Та харин “манай МоАХ фракци” гэх. Аль фракцид нь харьяалагдаад байна вэ?
-МоАХ, “Шонхор” фракцийн хувьд үзэл бодлын хувьд ялгарах зүйлгүй. Ихэвчлэн байр суурь нэгддэг. “Шонхор” фракцид МоАХ-ны нөхдүүд олон шүү дээ.
-МоАХ фракцийн төлөөлөл Зам тээврийн сайд А.Гансүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх боллоо?
-Монгол Улсын хөгжлийг хурдасгахад зам тээвэр маш чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Сайд А.Гансүхийн хувьд энэ хоёр жилд асар олон зүйлийг хийсэн. Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлууллаа.
МИАТ компани үндэсний тээвэрлэгч гэсэн статустай болж, нэлээд олон орон, хот руу агаарын шинэ зам нээлээ. Хэдэн жил яах нь мэдэгдэхгүй байсан Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал баригдаж байна. Ажил нь их эрчтэй яваа.
Үүнээс гадна БНХАУ-тай транзит тээврийн асуудлыг тохирч гэрээг байгуулж чадсан нь Зам тээврийн сайдын хамгийн том гавьяа. Ийм үед хөрөнгө оруулалтыг татах ёстой. Харин энэ үед сайдыг нь солих нь оновчтой юу гэдэг бодох л асуудал.
Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч айлчлахдаа хос замтай болох тухай ярьсан. Маш олон ажил хүлээгдэж байна. Энэ том гэрээ хэлэлцээрийг ажил хэрэг болгоод цааш авч явах эсэх нь шинээр томилогдох сайдаас л хамаарна. Ажил унавал эцсийн дүндээ ард түмэн, улс үндэстэн л хохирно. Эрх баригч хүчин сайн нэр зүүхгүй л байх. Гэхдээ энэ бол хоёрдугаар асуудал юм даа. Ер нь бол эхлүүлсэн ажлын өгөөжийг Монголын ард түмэн хүртэх л ёстой.
-МоАХ хоёр хуваагдлаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХ-ныг удирдаж чадахгүй байна гэх. Таныхаар?
-Тэгж яриа үүсгээд байгаа хүмүүстээ наад асуултаа тавь.
-Саяхан та Х.Баттулга гишүүний хамтаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ямар агуулгатай төсөл байсан бэ?
-1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор төсөл санаачилсан. Тэдний дийлэнх хэсэг амьжиргааны дундаж түвшингээс доогуур, нэн ядуу амьдралтай, насны хувьд 50-иас дээш гарсан, хөдөлмөр эрхлэх гэхээр насны хувьд хөгширсөнд тооцогддог л болчихоод байна.
Бүртгэлээр МоАХ-ны анхдагч 4700 гаруй гишүүний 66 хувь нь 50-иас дээш насны, 39 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй тэтгэврийнх, 65 хувь нь гэр хороололд амьдардаг, 73 хувь нь амьжиргааны дунджаас доогуур түвшнийх гэсэн судалгаа бий. Энэ хүмүүс маань хаалттай тоталитор дэглэмээс тайван хувьсгал хийж, өнөөдөрт хүргэсэн.
Энэ 20 гаруй жилийн хугацаанд Ардчилсан нам дангаараа засаг бариагүй, ийм үед намаараа ялгаварлагдаж ажлаасаа чөлөөлөгдөх, бизнес эрхэлж байсан компаниа хаалгах зэргээр юу эсийг үзэх билээ. Тийм учраас тэдэнд төрөөс нэг удаа буцалтгүй тусламж хэлбэрээр орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зайлшгүй шаардлага байна гэж үзэж, хуулийн төслийг санаачилсан.
-Эдийн засаг хүнд үед УИХ энэ асуудлыг шийддэг болов уу?
-Шийдвэрлүүлэхийн төлөө л ажиллана даа.
-Намрын чуулган эхэлсний дараахан Төмөр замын тээврийн асуудлыг хэлэлцэхийг нь дэмжсэн. Сүүлийн өдрүүдэд хэлэлцүүлэг огт болсонгүй. Ямар шатандаа явна вэ?
-Уг нь сандал ширээнээс илүүтэй төмөр зам, Оюутолгойн асуудлаа л яаралтай шийдэж нэг талд нь гаргамаар байгаа юм. Даан ч яав даа л гэмээр зарим үед хэрэгтэй чухал асуудлыг цаг тухайд нь хэлэлцчихгүй хойш тавьчих. Гэхдээ хэлэлцүүлэг зогссон зүйл бол байхгүй шүү. Өмнүүр нь асуудал орж ирээд л хойш тавигдаад байна.
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /уржигдар/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц төслийг хэлэлцэж, дэмжсэн. Энэ хүрээнд дуудлага худалдааны үнийг буулгах гэсэн юм яригдсан. Энэ тухайд тодруулбал?
-Гол агуулга нь шүүхээс шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар зарахаар болоход үнийг нь зах зээлийн үнээр тооцсон байдгаас борлогддоггүй. Хохирлоо барагдуулж авах ёстой иргэн, аж ахуйн нэгж нь давхар хохирдог ийм үзэгдэл бий болсон юм байна. Тийм учраас энэ хуулийг амьдралд илүү нийцүүлэх ёстой гэж үзэж, энэ хүрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл юм.
-Ипотекийн зээлээр маш олон иргэн байртай болсон. Тэд зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүйд хүрч, банк байрыг хураан авч худалдан борлуулах тохиолдолд тухайн иргэн улам хохирчихгүй байгаа даа. Энэ тухайд хамгаалсан тодорхой заалт бий юу?
-Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг л дэмжсэн. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр амьдралаас ургаж гарах олон асуудлыг хэн, хэнд хохиролгүй байдлаар шийдэх гарц гаргаж, хуулийг батална.
-УИХ-ын намрын чуулганаар Хууль зүйн байнгын хорооны төвшинд боловсруулагдаж УИХ-аар батлагдах шаардлагатай хэчнээн төсөл байгаа вэ?
-Намрын чуулганы хугацаанд байнгын хороо ачаалалтай ажиллана. Хуулийн шинэчлэлийн хүрээнд 40 -өөд хуулийн төслийг УИХ-аар батлуулах ёстойгоос 10 гаруй нь батлагдсан. Хууль батлагдаад хэрэгжээд эхлэхээр дахин сайжруулах шаардлага ч гарч байгаа. Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт маш чухал хуулийг батлуулна.
Үүнээс гадна нийгэмд хүлээлт үүсгэж байгаа Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулна.