С.Бямбацогт: Бидний тавьсан шаардлагын зарим нь биелээгүй байна
УИХ Засгийн газрын зарим сайд нарыг томилох ажлыг хэлэлцэж байна. Одоогоор УИХ дахь АН-ын бүлэг болон МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн санал дүгнэлтээ гаргаад байна.
Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний хууль болон зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүллээ.
УИХ ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн тогтооолын төслөөр бол сангийн сайдад УИХ гишүүн Д.Зоригтыг, ГХЭЗХА-ны сайдад ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх н.Пүрэвсүхийг, Уул уурхай эрчим хүчний сайдад н.Жигжидийг томилуулахаар нэр дэвшүүлээд байна.
Зарим сайдыг томилох ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дэмжиж байгаа аж. Харин нэр дэвшигчдийн талаар МАН-ын бүлгийн санал, дүгнэлт хараахан гараагүй байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Нэгдүгээрт бид нар давхар дээлтэй УИХ-ын гишүүн сайд байх ёсгүй, хоёрдугаарт татан буугдсан яамдын сайд нарыг буцаан томилох асуудал байж болохгүй, гуравдугаарт хариуцлагагүй ажилласан сайд нартай хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг хамт оруулж ирэхээр шаардлага тавьсан. Бидний тавьсан шаардлагын зарим нь биелээгүй байна” гэлээ.