Төсвийн алдагдлыг долоон хувьд хүргэж болохгүй гэв
МАН-ын бүлэг
2014.10.09

Төсвийн алдагдлыг долоон хувьд хүргэж болохгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар өчигдөр Засгийн газрын бүтцэд оруулсан өөрчлөлт, 2015 оны төсвийн төсөл, “ЭЗЭН 100” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг чуулган эхэлсэн цагаас хойш “Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчиллөө гээд дотроо хариуцлага хүлээлгэсэн болохгүй. Хариуцлагын асуудал нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөс тусдаа асуудал” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Энэ удаад дээрх байр сууриа дахин бататгасан юм. Тус намын бүлэг Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлж Засгийн газрын бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэйг шаардахаар болжээ.

Тухайлбал, бүтцийн өөрчлөлтөд өртсөн яамдын сайд нарыг дахин томилохгүй байх, шинээр сайд томилохдоо “давхар дээл"-гүй байх зарчим баримтлах шаардлага хүргүүлж байгаа ажээ. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ хариуцлагын асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм. Түүний хэлж буйгаар бүтцийн өөрчлөлтөнд өртсөн яамдын сайд нарыг шинээр томилохоосоо гадна хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нараа солих асуудлыг хамтад нь оруулж ирэх ёстой ажээ.

Сөрөг хүчний бүлэг Үйлдвэр, хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Сангийн сайд нарыг хангалтгүй ажиллаж байгаа гэж үзэн  дээрх дүгнэлтэнд хүрчээ. Удахгүй 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулсан байна.

Засгийн бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Засгийн газар төсвийн төслөө эргүүлэн татаж дахин өргөн барих ёстой

Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй Д.Оюунхорол Тэрээр “Засгийн бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Засгийн газар төсвийн төслөө эргүүлэн татаж дахин өргөн барих ёстой. Одоо өргөн бариад буй төсөлдөө цалин тэтгэвэр тэтгэмжийг 2.5 дахин нэмнэ гэсэн хэрнээ үүнийхээ төсөвт 500 тэрбум төгрөг тавьсан байна.

Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалин, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2.5 дахин нэмэхэд хүрэлцэхгүй. Ер нь тооцоо судалгаа муутай төсөв өргөн барьсан байна. Тухайлбал, одоо 1850 төгрөгт хүрчихээд байгаа ам.долларыг 1650- аар тооцсон байх жишээтэй.

Төсвийн төсөлтэй хамт 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Үүндээ өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэх санал оруулж ирлээ” гэв.

-Ерөнхий сайд бүрэлдэхүүнээ оруулж ирэхдээ танай бүлгээс тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол ямар хэмжээ авах вэ?

С.Бямбацогт

-Бид анхнаасаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал хариуцлагаасаа тусдаа гэж ярьсан. Бүтцийг нь хэлэлцэх үед бид олон зүйл шаардаагүй. Харин салбарынх нь хүмүүсийн шаардлагын дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж хариуцаж байгаа асуудлыг нь өөр яамдад шилжүүлэх санал л гаргасан. Энэ саналын Байнгын хороо дэмжсэн боловч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй. Харин одоо Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ оруулж ирэхдээ манай бүлгээс тавьж байгаа шаардлагыг анхаарч үзэх хэрэгтэй. Бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд өөртэй нь хариуцлага тооцох асуудлыг хөндөнө.

-Хариуцлагагүй ажиллаж байгаа зарим сайдын асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй гэлээ. Хариуцлагагүй ажилласан гэдгийг нь яаж дүгнэж байгаа юм бэ ?

С.Бямбацогт : Газар тариалан эрүүл мэндийн салбар уналтанд орж байна. Тиймээс энэ салбарыг удирдаж байгаа сайд нарыг чөлөөлөх асуудал хөндөх ёстой. Мөн санхүү, эдийн засгийн байдал муудахад ганцхан Эдийн засгийн хөгжлийн сайд нөлөөлөөгүй гэж үзэж байгаа. Энэ асуудал Сангийн сайдтай ч холбоотой.

Д.ОЮУНХОРОЛ :-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхэд бүрэлдэхүүнийг бүхэлд нь шинээр оруулж ирдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хамтад нь оруулж ирнэ гэж найдаж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү"  бодлогын хүрээнд нэг хүнд даахгүй их ачааг үүрүүлэхгүй байгаасай гэж хүсч байна. Түүнчлэн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр зарим сайд хариуцлагаас мултраад үлдчих вий гэсэн болгоомжлол байна. Ард түмэнд ч гэсэн ийм болгоомжлол бий. Гэтэл эрх баригчид мэдрэмжгүй улс төр хийж байна.

Өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэхээр тусгасан байна гэсэн. Гаднаас авах зээлийн хэмжээ нь хэд байгаа юм бэ. Энэ өөрчлөлтийг хийснээр төсвийн алдагдлыг хэдэн хувьд барина гэж тооцсон юм бол?

Д .ОЮУНХОРОЛ :

-Одоогийн хуулиар төсвийн алдагдлын хэмжээ хоөр хувиас хэтрэхгүй байх ёстой. Үе үеийн Засгийн газар энэ хэмжээний дагуу төсөв, санхүүгээ тооцсоор ирсэн.  Гэтэл үүнийг долоон хувьд хүргэхээр төсөлдөө тусгасан байгаа. Үүнийг манай намын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна.

Өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Гэхдээ энэ хуульд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөлт оруулдаг учраас боломжгүй гэж үзэж байна.

Манай намын бүлэг ямар ч байдлаар байр сууриа илэрхийлсэн олон зүйлийг хүч түрээд шийдчихдэг. Харин хүч түрээд шийдчихэж болдоггүй асуудлын нэг нь гуравны хоёроор шийдвэрлэнэ гээд хуульчилчихсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал.