Ж.Энхбаяр: Манайхан  хамтарч МАНАН байгуулна гэдэг зүүднээсээ сэр
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.09

Ж.Энхбаяр: Манайхан хамтарч МАНАН байгуулна гэдэг зүүднээсээ сэр

УИХ-ын  гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Засгийн газрын бүтцийг Их хурлаар баталчихлаа. Танай бүлгийн гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газар өөрсдийн алдааг ухаарсан улс төрийн томоохон үйл явц болж байна. Хоёр жилийн өмнө цөөнхгүйгээр баталсан Засгийн газрын бүтэц нь улс орноо цаашид авч явж чадахаа байгаад, бодлого зохицуулалт нь хэрэгжихээ больсон гэдэг нь эдийн засгийн уналт, ажилгүйдэл, төгрөгийн ханшийн уналт, хөрөнгө оруулалт багассан байдал гээд бүхий л зүйл дээр харагдаж байна.

Төрийн байгууллага нь авлигад хэр идэгдсэн, бизнесийн орчин хэр байгаа талаар олон улсын хурал боллоо. 126 орны жагсаалт гарахад Монгол Улс 125 дугаарт жагссан байна. Үнэхээр харамсмаар, гутамшигтай байдал нүүрлэчихлээ.

Ерөнхий сайд сая улс төрийн алхам хийе гээд бүтцээ өөрчиллөө. Цаашид бүрэлдэхүүнээ нэлээд өөрчлөх байхаа гэж харж байгаа. Нэгэнт нийгэм энэ Засгийн газрыг хүлээж авахаа больчихлоо. Тиймээс нэр бүхий сайдуудыг өөрчлөх ёстой гэж байна.

-Танай бүлгийн зүгээс зургаан яамыг гурав болгохоос гадна зарим сайдуудыг солих шаардлагатай гэж байсан?

Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор гурван яамаар тогтохгүй байх гэж харж байна.

-Хариуцсан салбартаа ажил сайн хийгээгүй сайд нарт хариуцлага тооц гээд байгаа билүү?

Тэгэлгүй яахав. Үндсэндээ зургаан сайд томилогдоно гэсэн үг. Зургаан яам нэгдэж гурван яам болох тул гурван сайдын асуудал хөндөгдөнө. Түүнчлэн бүтцийн өөрчлөлт ороогүй зарим сайд нарыг өөрчлөх ёстой.

-Тухайлбал?

Эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлт маш муу байна. ССАЖЯ-ны ажил муу байна. Мөн ҮХААЯ байна даа. Энэ гурван салбар хөндөгдөх байх гэж найдаж байгаа.

Ц.Оюунгэрэл сайд улс төрийн мэдрэмжтэй бол өргөдлөө өгөөд сайдаасаа татгалзах ёстой
-ССАЖЯ-ыг холбогдох яамдад хуваарилж өгөх ёстой гэдэг санал Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжигдсэн ч чуулган дээр унасан. Тиймээс ингээд байгаа юм уу?

Чуулган дээр дэмжигдээгүй ч гэсэн улс төрч хүн л юм бол Ц.Оюунгэрэл сайд онцгой анхаармаар зүйл болсон. Энэ хүн хоёр саналын илүүгээр яамтайгаа үлдлээ шүү дээ. Салбарын бодлого ямар муу байгааг, улс төрийн хэмжээнд хэрхэн дүгнэж байгааг харуулсан тод жишээ.

Манай бүлгийн гадагшаа томилолттой явсан хоёр гишүүн ирээд санал өгсөн байхад өнөөдөр Монгол Улсад энэ салбар сайдаасаа болоод байхгүй болох нь байна гэдэг бололцоо бүрэн бүрдсэн гэдгийг энэ хүн харсан байх.

Ц.Оюунгэрэл сайд улс төрийн мэдрэмжтэй бол өргөдлөө өгөөд сайдаасаа татгалзах ёстой. Тэгж чадвал яамандаа болон өөртөө зовлон бага хураах юм даа. Цөөнх дээр нэмэгдээд олонхийн 10 гаруй гишүүд санал өгч байна гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Өчигдөр 10 гишүүн байхгүй байсан тул санал өгөөгүй.

-Ерөнхий сайд өөрийн бүтцийг батлуулчихлаа. Сайд нар томилогдоод явлаа гэхэд эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм уу?

Одоо үндсэндээ нэг жил зургаан сар ажиллах хугацаа үлдлээ. Гуравны хоёр нь дууссан гэсэн үг. Шулуухан хэлэхэд өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлтүүд хангалтгүй хэвээрээ л байна. Дандаа л муу мэдээ дуулдаж, өсөлт гарахгүй гэж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт багассан хэвээрээ байгаа. Хөрөнгө оруулалтын орчин муудсан хэвээрээ л байна. Бизнес эрхлэх орчин муудсан хэвээрээ л байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл унасан хэвээрээ л байна. Бондын үнэ унасан хэвээрээ л байна. Монгол Улстай холбоотой үнэт цаасны үнэ уналтад орсон хэвээрээ л байна. Гадныхан манайд оруулсан хөрөнгөө татаж эхэллээ.

Манай орны уул уурхайн үйлчилгээнд ажиллаж байсан голлох компани болох “Вагнер  Ази" тоног төхөөрөмжүүдээ буцаан татаж эхэлсэн. Монголын хамгийн баталгаатай нөөцтэй хоёр том ордын нэг болох . Оюутолгойн хувьцаа 23 ам.доллар байсан бол одоо гурван ам.доллар болчихсон. Мөн манайхны үндэсний аж ахуй нэгжүүдийн хөрөнгөө оруулсан Энержи  ресурсийн 11 ам.доллар байсан хувьцаа өнөөдөр “0” доллар хэвээрээ л байна. Ямар ч өөрчлөлт анзаарагдахгүй байгаа юм.

Түүнчлэн төр өөрөө зэрэгцээд нүүрс ухах гээд орчихсон. Төрийн өмчит Тавантолгойн өр 900 тэрбум төгрөгт хүрчихлээ. Монголбанкны алдагдал нэг их наяд төгрөгт хүрчихсэн байна. Хуулиараа Засгийн газар Монголбанкны алдагдлыг төсөвтөө суулгаад өгчих хэрэгтэй. Валютын нөөц ноцтой байдал хүрсэн. Үнэхээр гэрэл алга. Монголчууд бид харалган бодлогын үрээр алтан боломжийг алдсан.

-Гурван яамыг цөөлснөөр нэг тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Тиймээс заавал гурван яам татан буулгаж хөдөлгөөн хийх боломж байгаагүй юм уу?

Дарга сайд нарын түвшинд л нэг тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Доод хөл буюу чиг үүрэг дагасан байгууллагууд хэмнэлт гаргавал их л хэмнэлт гарна. Ингээд цөөлж өгч байгаа нь эдийн засаг дахь төрийн оролцоо тэр хэмжээгээр багасна гэсэн үг. Буруу бодлого, хэм хэмжээгээ алдсан энэ олон тендерүүд, түүнийг дагасан хулгай үүнийг дагаад алга болно. Асар их үр дүн гарах байх.

Хамтарна гэдгээр нэг жил улс төрийн ов мэх хэрэглэж МАН-ыг идэвхтэй байх, ширүүн тэмцэл хийх хүчийг нь сааруулсан.
-Шинээр орж ирэх сайдууд дан дээлтэй байж чадах болов уу. Хуулийн хүрээнд оруулж ирнэ гэсэн битүү хариулт л байгаа?

Дан дээлтэй байж чадахгүй.

-Та яаж мэдэж байгаа юм?

Засгийн газарт ажиллах нэг жил л үлдсэн. Одоо эрээ цээрээ алдаж байна. Дээд, доод бүх түвшинд амжих гэсэн асуудал эрчээ авчихлаа. Засгийн газар үүнийгээ хянаж чадахгүй. УИХ дахь олонхийн бүлэг ч хянаж чадахгүй. Хэлхэлдсэн эрх ашгийн зөрчилд орчихсон. Аваа,өгөөнд орчихсон. Одоо ёстой л бужигнуулж өгч байна.

-Хэд хоногийн дараа сайд нар нь томилогдоод гараад ирэх байх. Та харин ирэх хэд хоногийн үйл явцыг хэрхэн харж байгаа вэ?

Ардчилсан нам сонгуульдаа орж байна. 2016 оны сонгуульд орох шатрынхаа өргийг өрчихлөө. Мэдээж МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээ дэргэдээ авч явахын тулд тэднийхээ уурыг бага хүргэж. тэднийгээ аргадна.

ИЗЗН-аа дэргэдээ жаахан чирээд явна. Тэр хэмжээндээсуудал нь хадгалагдана гэсэн үг. Дотооддоо улс төрийн асуудлуудаа шийдвэрлэн, үгэнд орохгүй байгаа зарим нэг улстөрч, фракцуудаа тоглолтоос гаргах буюу сонгуульд орох бодлогоо тодорхойлчихлоо. Н.Алтанхуяг улстөрчийн хувьд маш зөв алхам хийж байна.

Шинэ бодлого, шинэ бүтцээр явна гээд өнөө гоё үгээ яриад явна. “ЭЗЭН 100” буюу өнгөрсөн хугацааны хариуцлагыг бүтцийн өөрчлөлтөөр аргалаад гарч байна. Энэ бол улстөрийн сайн нүүдэл.

-Сөрөг хүчин хариуцлага тооцно гэдэг асуудлыг их ярьдаг хирнээ “ЭЗЭН 100”-гаар далимдуулан хариуцлагаас мултарч байгаа энэ үйлдлийг яагаад дуугүй хараад байгаа юм бэ?

Ний нуугүй хэлэхэд манайхнаас эвсчих, албан тушаал аваад явчих сонирхолтой хүмүүс байсан. Одоо ч байгаа.

-Тэр нь ямар хүмүүс юм бэ?

Тэрийг тодруулах нь сэтгүүлч таны авьяасын асуудал. Бид хангалттай хууртагдсан. Урд бяслаг уячихаад яваад очихоор урагш нь гүйлгээд байдаг даа. Түүн шиг л байлаа. Хамтарна гэдгээр нэг жил улс төрийн ов мэх хэрэглэж МАН-ыг идэвхтэй байх, ширүүн тэмцэл хийх хүчийг нь сааруулсан. Энэ ярилцлагаар дамжуулан өөрийн намынхандаа ч гэсэн үг хэлье. Бид хууртагдаж ханасан. Хамтарч МАНАН байгуулна гэдэг зүүднээсээ сэр.

Энэ бүтцээрээ АН сонгуульд  орох бодлогоо тодорхой болгоно. 2016 оны сонгууль бол МАН болон , бусад нам гэдэг сонгууль явах  нь ээ. Тиймээс урьд өмнө нь байгаагүй  хатуу, ширүүн сонгуулийг бид хийнэ.

Улс төрийн намууд цагдаа, шүүх, тагнуул,Ерөнхийлөгчийн институцитэй бид улс төрийн сонгуульд өрсөлдөнө. Сонгуульдаа бэлд. Намынхаа дотоод үйл явцыг шинэчлэх  ажил  руугаа ор.

Анхан шатны хороодынхоо ажлы сайжруул. Ард түмэндээ хүр. Амьдралын доод түвшиндээ дахиад буу. Та нарынхаа итгэлийгхүлээж чадсангүй гээд уучпалт гуй. Ард түмнийхээ итгэлийг авахын тулд бид хичээн ажиллана гэдгээ ард түмэндээ амла. Бүх зүйлийг доороосоо эхэл. Одоо эвсч . мэдэлд хүрээд цаг хожихыг намын гишүүд хүсэхгүй байгаа. Ард түмэн ч хүсэхгүй байгаа гэж би ойлгож байгаа.

-АН сонгууль эхэлсэн гэж хэллээ. Тэгвэл танай намынх хэзээнээс сонгуулийн ажлаа  эхлэх юм бэ?

Бүтцийн өөрчлөлт гэдэг том үйл явцаар маш олон зүйлийг шийдчихлээ. АН,бусад намууд Ардын намын эсрэг сонгуульд орох нь тодорхой боллоо. Эвсэл задрахгүй.

-Та яаж мэдэж байгаа юм?

Бүтцийн өөрчлөлтөөр мэдэрлээ.

-Одоо Засагт ямар хүмүүс сайдаар орж ирэхийг мэдэж байгаа юм биш биз дээ?

Одоо хэн сайд болж орж ирэх нь сонин биш. Яаж ажиллах нь ч сонин биш. Одоо сонгуульдаа бэлд. Намынхаа сахилга хариуцлагыг сайжруулах, анхан шат, үүрийнхэндээ хүрч ажиллах нь бидний эхний хийх ёстой ажил.

-Энэ Засгийн газраас хүлээх хүлээлт байна уу?

Бодлогын алдаанууд нь хоёр жилийн өмнө хийгдчихсэн. Бид дэлхий ертөнцөд нүүрээ барчихсан. Дэлхийн бизнесийн орчинд монголчууд хулхи, худалч гэдгээ бид харуулчихсан. Монголын ардчилал хулхи гэдгийг дэлхий мэддэг болчихсон.

Ардчилал нэрийн доор, улс төрийн намуудын цаана цөөхөн хүмүүсийн хуйвалдаан байна гэдгийг мэддэг болчихлоо. Улс төрийн намуудад итгэх ард түмний итгэл эрс унасан. Хэзээ ч улс төрийн намууд ингэж доошоо орж байсангүй.

-Ирэх оны төсвийн төсөөллийг та хэрхэн харж байгаа вэ?

Ирэх оны төсвөөр олигтой юм гарахгүй ээ. Энэ бол сонгуулийн төсөв. Нийгмийн зардлыг нэмж цалин, тэтгэвэр эрс нэмэгдэх байх. Ардчилсан нам сонгуульд "Бид цалин, тэтгэвэр нэмсэн” гэж орно биз. Зээлийнхээ үлдэгдлээр зам тавиад “Бид зам тавьсан” гэх байх. “Бид олон байшин барьж орон сууцтай болгосон” гэж сонгуульд орно.

Ирэх онд улсын төсвөөр олигтой ажил явахгүй биз дээ. Харин цалин тэтгэврийг нэмэхээс өөр аргагүй байдалд орно. Гэхдээ энэ нь туйлын хортой. Монголын эдийн засаг нийгмийн зардлаа дийлэхээ болно.

Олон хүнийг байртай болгоно гэж хэт хөөрөгдсөн зах зээлийн бус зохиомол хэт их нийлүүлэлт, үүнд оролцох төрийн оролцоо үл хөдлөхийн салбарыг дампууруулна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт мөнгөө оруулсан хүмүүсийн хөрөнгө үнэгүйдэх тал руугаа орох байх.

Энэ өвлөөс эхлээд үл хөдлөхийн салбар хүчтэй доргино. Харин байр авах гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Орон сууц хямдрах байхаа” гэж хэлье. Бид дэндүү их үнэ цэнээр, дэндүү их боломжоо алдаж байж ухааралд хүрэх нь ээ.