Г.Шийлэгдамба: Нам хоорондын тэмцэл ард иргэдэд сайн зүйл авч ирэхгүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засгийн хямрал туйлдаа хүрч, иргэдийн амьдрал хүнд байгааг хаана хаанаа л ярьж байна. Харин шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгаа аврахын тулд бүхий л гарцыг хайж байна гэхэд болно. Хамгийн ойрын жишээ гэхэд “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”. Гэхдээ энэ нь маш их шүүмжлэл дагуулж байгаа шүү дээ?
-Шинэчлэлийн Засгийн газраас аливаа асуудлыг шийдвэрлэх гэж санал, санаачилга гарган ажиллаж байна. Үүнийг үгүйсгэж болохгүй.
-Гэхдээ л хоёр жилд хийгээгүй ажлыг 100 хоногт хийнэ гэдэг юу л бол?
-Засгийн газар өөрт байгаа нөөц бололцоогоо дайчилж, бусад субъектүүдийн оролцоотойгоор эдийн засгаа сайжруулахад чиглэсэн алхмуудыг хийж байна. Бид ч ингэж ойлгож байгаа. Харин үр дүнгийн асуудлыг өөр утгаар нь авч үзэх ёстой.
Үнэндээ 100 хоног гэдэг маш богино хугацаа. Эл хугацаанд эдийн засгаа сайжруулах тал дээр тодорхой нөхцөл, бололцоог гаргах байх гэж ойлгож байна.
Түүнээс биш 100 хоногийн хугацаанд бүх зүйлийг төгс сайхан болгох боломж, бололцоо байхгүй нь ойлгомжтой.
Гагцхүү хоёр жилийн дараа хийж байгаа нь оройтсон байхыг үгүйсгэхгүй. Хэдий оройтсон ч хийх гэж байгаа зүйлийг нь үгүйсгэж болохгүй.
-Яах вэ, шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгаа аврахын тулд олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Харин засгийн эрхийг хамтран барилцаж байгаа нам, эвслийн хувьд МАХН-МҮАН-ын гишүүд иргэдийн амьдралыг сайжруулах, эдийн засгаа аврах ямар алхмуудыг хийж байна вэ?
-Эвслийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдлыг хөндөн тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын таатай орчин, ашигт малтмалын хуульд тодорхой асуудлуудыг ярьж байна. Татварын асуудлыг нэлээд хөндлөө. Татварын өршөөлийн тухай хуулийг Засгийн газар хэлэлцэхээр болж байх шиг байна.
Энэ мэтчилэн эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, улстөрийн нөлөөллөөр бий болж байгаа айдас хүйдсийг ямар нэгэн байдлаар бууруулахад чиглэгдсэн алхмуудыг хийж байна. Иймэрхүү асуудлуудыг эвслийн зүгээс идэвхтэй дэмжин ажиллах болно.
-Ингэхэд өнөөх улиг болсон дан болон давхар дээлийн асуудал байна. Танай намын зүгээс эл асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Давхар дээл гэж бараг улстөрийн хэллэг болчихсон нэр томьёо байна. Бид энэ асуудлыг удирдах ажилтнуудын хуралдаанаараа ярилцсан. Улстөрийн үйл ажиллагаа явуулах намын хувьд хууль хэрхэн шийдэгдэхээс үл хамаарч эвслийн гишүүд давхар дээлээ санаачилгаараа тайлах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдлээ. Энэ санал ард иргэдийнх гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
-Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр МАХН-ын Удирдах ажилтнууд хуралдаж алдаа, оноогоо дэнсэлсэн. Ямар ямар асуудлыг хөндөв?
-Хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцлаа. Хамгийн эхэнд 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Шударга ёс эвсэл”-ийн зүгээс таван хувьсгал дээр үндэслэн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явж байгаад үнэлэлт, дүгнэлт өглөө.
Үүнтэй холбогдуулан манай удирдах ажилтнууд УИХ дахь МАХН-МҮАН-аас сонгогдсон гишүүдийнхээ үйл ажиллагаатай холбоотой нэлээд санал, шүүмжлэлийг гарган тавьж, цаашдынх нь ажилд үүрэг, чиглэл, зөвлөмж өгсөн гэж ойлгож болно. Мөн шинэчлэлийн гэгдэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд ч бас дүгнэлт хийлээ.
Бүр тодруулбал МАХН-аас сонгогдсон сайдуудын хариуцаж буй салбарын ажил, иргэдийн зүгээс тэдний ажилд өгсөн тодорхой санал, шүүмжлэлийг хөндсөн. Мөн Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санаа бодлоо илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл МАХН эрх барилцаж байгаа улстөрийн суудалтай намын хувьд Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө бусад намтай хамтран ямар асуудлуудыг анхаарч ажиллах ёстой зэрэг тодорхой сэдвээр ярилцлаа.
-Жишээ нь?
-Улстөрийн намуудын хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хөндөгдлөө. Нэн ялангуяа өнөөгийн улстөр болон нийгэмд үүсээд байгаа асуудлыг зөв, зүйтэй шийдвэрлэхэд чиглэсэн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд улстөрийн намууд зарчмын ямар байр суурьтай хандах ёстой вэ гэдгийг ярилцсан.
Өөрөөр хэлбэл сөрөг хүчин болох МАН зөвхөн шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцохын төлөө ажиллаж байгаа нь асуудлыг шийдэх гарц байж чадаж байна уу үгүй юу. Засгийн газрыг бүрдүүлж буй улстөрийн намууд аль нэгэн сайдын хариуцлагын тухай асуудлыг хөндөн тавихад нам дотроо хариуцлага тооцохгүйгээр авч үлддэг, хариуцлага тооцож чаддаггүй байдал үргэлжлээд байна шүү дээ.
Энэ нь улс эх орны эрх ашигт аль ч талаасаа нийцэхгүй. Энэ мэтчилэнгээр хэлэлцсэн тодорхой асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх нь УИХ, Засгийн газар, намынхаа удирдлагуудад хандсан тодорхой шийдвэрүүдийг энэхүү зөвлөгөөнөөс гаргасан.
-Та сая өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр дэвшүүлэн тавьж байсан мөрийн хөтөлбөртөө үнэлэлт дүгнэлт өглөө гэлээ. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад ямар дүн тавих юм бэ дээ?
-2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд ганцхан МАХН өрсөлдөөгүй. Энэ утгаараа МАХН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудал гэж ярих нь өрөөсгөл юм. УИХ-д суудалтай бүх намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзэх шаардлагатай. Яагаад гэвэл УИХ нь өөрөө ганц намын төлөөлөлтэй биш шүү дээ. Энд дөрвөн намынхан бий. Тэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр хэрхэн хамтарч ажиллаж байна вэ гэдэг нь чухал.
Хамтын үйл ажиллагаа
Учир нь олонхын шийдвэрийг дан нэг нам дангаараа шийдэх боломжгүй. Өнөө цагт улстөрийн намууд, УИХ дахь намуудын бүлгүүд хамтарч ажиллах замаар нам тус бүрт байгаа мөрийн хөтөлбөрийн асуудлаа гаргаж тавих хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн намын эрх ашиг гэхээсээ илүү улс эх орны, өнөөгийн цаг үед нэн шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлэх замаар мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг авч үзэж, ажиллах нь зөв юм.
Уг нь УИХ-д суудалтай намууд, тэр дотроо Засгийн газрыг хамтарч олонхыг бүрдүүлж байгаа улстөрийн намуудын хамтын ажиллагаа мөрийн хөтөлбөрийнхөө асуудалд чиглэх ёстой. Гэтэл тийм биш байна. Тэд зөвхөн хариуцлага тооцох, сандал ширээний асуудал яриад байна. Хамгийн харамсалтай нь АН, МАН хоёр нэг нь ажлынхаа үйл ажиллагааг хамгаалах, нөгөө нь эсэргүүцэх байдлаар улс эх орны хэрэгтэй асуудлыг шийдэхгүй хэрэлдэж мэтгэлцэх байдлаар УИХ-ын үйл ажиллагааг явуулж байна.
-Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хөндөж байна?
-Хариуцлага тооцох нь сөрөг хүчний зайлшгүй гаргаж тавих асуудал мөн. Гэхдээ бүх зүйлд зөвхөн хариуцлага тооцох, засаг төрийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар тогтворгүй болгох нь тийм ч зөв сөрөг хүчний үйл ажиллагаа биш юм. Аливаа хариуцлагыг эрх барьж байгаа болон сөрөг хүчин хамтарч давж туулах ёстой.
Үүнийг ойлгохгүй сөрөг хүчин бүх асуудлыг эрх баригчдад өгөөд зөвхөн хариуцлага тооцно гэдэг бол учир дутагдалтай. Тиймээс сөрөг хүчин энэ байр сууриндаа дүгнэлт хийх ёстой. Хариуцлага тооцох асуудлаас гадна үүсээд байгаа нөхцөл байдалд илүү бүтээлч, ажил хэрэгч санал санаачилгыг гаргаж ирэх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр аливаа асуудлыг шүүмжилж, хариуцлага тооц гэж хэлэх бол байдаг л зүйл. Байдаг л нэг зүйлээр улстөр хийж байгаа нь МАН-ын хувьд чамлалттай санагдаж байна. “Огцруулж чадвал сайн, огцруулж чадахгүй ч байсан сайн” гэдэг ийм л нэг улстөрийн ядмагхан дүр төрх л харагдаад байна.
Тэгэхээр үүний цаана эрх барьж байгаа нь, сөрөг хүчин нь тэр намын эрх ашгаа бодож туйлшрахын оронд илүү ажил хэрэгч, ард түмнийхээ эрх ашгийн төлөө чиглэсэн асуудлыг гаргаж тавьж ажиллах шаардлагатай байна. Үнэнийг хэлэхэд нам хоорондын тэмцэл ард иргэдэд сайн сайхан зүйл хэзээ авч ирэхгүй шүү дээ.