Г.Шийлэгдамба: Засгийн газар байгуулахад хийсэн гэрээгээ баримтлах ёстой
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.10.13

Г.Шийлэгдамба: Засгийн газар байгуулахад хийсэн гэрээгээ баримтлах ёстой

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодруулав.

-Н.Энхбаяр даргын оролцсон бүлгийн хурлаар сайд нарынхаа асуудлыг ярив уу?

Н.Энхбаяр дарга өөрөө хэлсэн дээ. Харилцан мэдээлэл солилцох уулзалт болсон гэж. Мэдээж эвслийн даргын хувьд өөрийн байр суурийг тодорхой болгосны дараа дахин уулзалт зохион байгуулж таарах байх. Н.Энхбаяр даргын хувьд төлөвлөгдсөн уулзалтаа хийсний дараа Засгийн газрын шинэ бүтцийн талаарх ярилцах уулзалтыг дахин хийнэ гэж зарчмын асуудал ярьсан байгаа.

-Шинээр томилогдох сайд нарыг УИХ-ын гаднаас байхыг Ерөнхийлөгч сануулж байна. Танай намынхан ямар байр суурьтай байгаа вэ?

Өнгөрсөн зургадугаар сард МАХН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнөөс УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байхыг баримталж ажиллана гэж байр сууриа нэгтгэсэн. Хэрэв шинэ бүтэц парламентын гаднаас байх ёстой гэвэл бид шийдвэрийг дагана.

-Нөгөө талаас сайд нараа сэлгэж ажиллуулна гэх мэдээлэл байна?

Албан ёсны шийдвэр гараагүй. Хамгийн эхэнд Засгийн газрын бүтцийн асуудал тодорхой болох ёстой. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас нам дотроо ярих асуудал нь албан ёсоор яригдаагүй байгаа. Г эхдээ тийм шаардлага гарвал сэлгэх бололцоо бий.

-“Шударга ёс” эвслийн квотыг гурав болгож бууруулж магадгүй гэх юм?

Асуудлыг эцэслэж шийдээгүй байна. Ер нь янз бүрийн зүйл яригдаж байх шиг байна. Бид Засгийн газрыг анх байгуулахад хийсэн гэрээний дагуу 75:25 гэсэн зарчмаа баримтлах ёстой гэсэн байр суурьт хатуу зогсоно.