МАХН-ын нарийн бичгийн даргаар Ц.Шаравдорж, П.Цогтбаатар, Г.Дугаржав нарыг томиллоо
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.09.25

МАХН-ын нарийн бичгийн даргаар Ц.Шаравдорж, П.Цогтбаатар, Г.Дугаржав нарыг томиллоо

МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Энэ хурлаар бүтцийн асуудал хэлэлцэж, МАХН-ын нарийн бичгийн дарга нарыг томилсон байна.

Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатарыг санхүү, аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Дугаржавыг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус томилжээ.

Түүнээс гадна УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржийг МАХН-ын ажлын алба хариуцсан нарийн бичгийн даргаар батламжилсан байна. Тэрээр өмнө нь МАН- ын гишүүн байхдаа МАХН-тай нэгдэх талаар санал гаргаж баисан ч тэгсхийгээд асуудал намжсан билээ. Тэгвэл тэрээр МАХН-д албан ёсоор элссэнээс гадна нарийн бичгийн дарга болж, дотоод ажилд оролцдог болж буй аж.

Хурлаар өөр нэг асуудал хэлэлцэж шийдсэн нь Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны оронд өөр хүн томилуулах. Түунийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шүүхээр авч хэлэлцэж, хоёр жил төрийн албанд ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Иймээс тэрээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа.

Харин түүний оронд Н.Уугангэрэл гэдэг хуулийн байгууллагад ажиллаж байсан хүнийг томилуулахаар МАХН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ. Ерөнхий сайд удахгүй Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ-д оруулж, хэлэлцүүлнэ гэж байгааг зарим нь дэд сайд нарын албан тушаалыг байхгүй болгоно гэж тайлбарлаж буй. Гэхдээ МАХН- ынхан дэд сайдын квотдоо томилгоо хийж байгаагаа харахад дэд сайд нар Ерөнхий сайдын сэлпээнд өртөх ч байж мэдэх нь.