Сангийн сайд Ч.Улаан
2014.01.14

Ч.Улаан "Монгол улсын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар" гэв

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.

Тухайлбал, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг тус бүлэг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь малчдад эрсдэлээс хамгаалж малаа даатгуулах шаардлага байнга гардаг. Өмнө нь малчид тэр бүр малаа даатгуулж чаддаггүй, даатгалын компаниуд ч анхаарал хандуулаад байдаггүй байсан бол одоо малчид сайн дурын даатгалд хамрагдах хүсэлт их гаргадаг болжээ.

Тиймээс энэ нь үр дүнтэй ажил хэмээн үзжээ. Одоогоор даатгалын таван компани малын индексжүүлсэн даатгалыг хариуцаж байгаа аж. Мөн УИХ дахь “Шударга ёс” бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тогтоолын төсөл, Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Мөн 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар байгаа талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээлэв. Энэ нь ДНБ-ий 49.7 хувьтай тэнцэж байгаа аж.