Эвслийн бүлэг ажлын хэсгийн дүгнэлтүүдийг сонсчээ
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Алтны ил тод байдлын тухай хууль болон Монголбанкинд шалгалт хийж буй ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус сонсч, энэ долоо хоногт хэлэлцэх чухал хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, байр сууриа нэтгэжээ.
Хамгийн чухал нь эрдэс баялгийг хайж олоод, олборлолт хийдэг систем гажуудалтай байна. Хайж олоод консервацид тавьдаг, хойч үедээ үлдээдэг байхыг бодлогын нэг хэсэг болгон оруулж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэлээ.
Өөрөөр хэлбэл, Монголын газар нутаг дээр хаана, юу байгааг нь мэдчихээд заавал олборлохгүйгээр, нээсэн болгоныг олборлож эргэлтэд оруулж байгаа нь буруу гэсэн зарчмыг оруулж байгаа бөгөөд Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд суух магадлал өндөр байгаа гэж “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон.
Мөн энэ долоо хоногт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд энэ төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт ахалж байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан төслийг ерөнхийд нь дэмжих ч хайрга, дайрга, элс, шавар гэсэн дөрвөн зүйл дээр ашигт малтмалаа ангилж байгаа юм байна. Тиймээс бүлгийн зүгээс хад, боржин чулууг хэрхэн хуулиар зохицуулах зэргийг ажлын хэсэг анхаарах чиглэл бүлгийн зүгээс өгчээ.