Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэв
Д.Ганхуяг хуулийн төсөл өргөн барив
2014.02.26

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэв

2013 оны 08 сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгасан.

Үүний дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг уг хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод 2013 оны 09 сарын 10-ны өдөр өргөн барилаа.

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг батлагдсаны дагуу 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараг 3 жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь зарим талдаа сайн боловч зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа өнөө үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон нь сөрөг үр дагавартай байна. Барилга, бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт Улаанбаатар хотын ойролцоо Туул голын дагуу төвлөрч байгаа нь хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээний усан хангамж болон Туул голын экологийн орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэн нөөцийг тогтоон ашиглалтад оруулж Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын арга хэмжээнүүдэд шаардлагатай түүхий эдээр хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталж Ашигт малтмалын тухай хуулийг шинээр баталж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг тул шинээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг тусгайлан боловсруулж мөрдүүлэн зам, барилга, бүтээн байгуулалтын ажилд чухал шаардлагатай элс, хайрга, дайрга, шохойн чулуу зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэн улмаар ашиглалтын шатанд шилжүүлэх шаардлагатай байна.

Үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий болон энгийн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зохицуулалтаас тусдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын эрх зүйн тусгайлсан орчин бүрдэнэ. Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажил болон манай улсын цаашдын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Нийгмийн үр дагавар:

  • Улаанбаатарын хотын ойр орчим Туул голын хөндий дагасан элс, хайрганы тусгай зөвшөөрөлд зохицуулалт хийх нөхцөл бүрдэх;
  • Зам, барилга, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдүүд дур мэдэн дуртай газраа ухаж сэндийчин элс, хайрга олборлох үйл ажиллагаа зогсох;
  • Орон нутагт ажлын байр нэмэгдэх;
  • Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад газар нутгийнхаа хаана нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлэх;
  • Орон нутгийн зүгээс ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмждэг болно;

Эдийн засгийн үр дагавар:

  • Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, барилгын бүтээн байгуулалтын зорилтууд хэрэгжих;
  • Орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх;
  • Ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн амьдралын чанар дээшилнэ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан өөрчлөлт орох дагалдах хуулиуд

  • Ашигт малтмалын тухай хууль
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль