Д.Батцогт: МАН-ын гишүүд хүсэхгүй байгаа бол завсарлага авч болно
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2013.11.19

Д.Батцогт: МАН-ын гишүүд хүсэхгүй байгаа бол завсарлага авч болно

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон.

ЙМөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагалдан гарах хууль, тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан.

Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх үеэр гишүүд төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ гаргаж амжаагүй байгаа учир Эдийн засгийн байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийхийг түр хойшлуулав.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Бямбацогт нар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг ажлын хэсгийн хуралдаанаар дахин нухацтай хэлэлцэх нь зүйтэй тул хэлэлцэхийг хойшлуулья гэсэн саналтай байсан.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэг дээр манай гишүүд бүрэн хэмжээгээр оролцож чадсангүй. Гэхдээ анхны хуралдаанууд дээр байр сууриа илэрхийлж байсан. Ашигт малтмалын тухай хууль байхад дахин хууль гаргах нь зохимжгүй. Хуулин дээрээ нэмэлт өөрчлөлт оруулаад явах нь зөв гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр энэ хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасах санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдаад удаж байна. Ажлын хэсэг олон удаа зар явуулахад МАН-ын бүлгийн гишүүд хуралд оролцоогүй. Нийт таван гишүүний гурав нь оролцсоноор ажлын хэсэг хуралдсан байгаа. Байнгын хороо, УИХ-д хандсан санал дүгнэлтээ бэлдээд ирсэн. Хэрвээ МАН-ын бүлгийн гишүүд хүсэхгүй байгаа бол завсарлага авч болно. Миний хувьд энэ асуудлыг хэлэлцээд явах саналтай байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болгоод зохицуулчихаж болно гээд МАН-ын бүлэг үзээд байна. Бид сая хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталчихсан. Одоо ашигт малтмалын тухай хуулиа бүхэлд нь концепцийн хувьд ашигт малтмалыг эрэх, хайгуулын зөвшөөрлийг сэргээх талаар ерөнхийлөгчийн институтай ярих шаардлагатай байгаа.

Үндсэндээ ирэх жил орон нутагт барилгын үйлдвэрлэл, дэд бүтцийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийнэ.

Гэтэл энийг ярихгүйгээр Ашигт малтмалын тухай хууль дотроос нь хэсэг юм авч хайгуулын зөвшөөрөл нээх асуудлыг ярих нь ерөнхий ойлголттойгоо зөрчилдөнө. Үндсэндээ ирэх жил орон нутагт барилгын үйлдвэрлэл, дэд бүтцийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийнэ. Тэр ч бүү хэл Баян-Өлгийн Цэнгэл сум, Дорнодын Халхгол суманд инженерийн шугам сүлжээний ажил хийх гэж байна. Тэгэхэээр орон нутагт сүүлийн үед түгээмэл тархацтай ашигт малтмалын орд хайхад нөөц нь үндсэндээ дууссан байна. Зарим газарт нь илэрц ч алга.

Жишээ нь, Орхон аймгийн хувьд зайлшгүй Булган аймгийн нутгаас л элс хайргаа авах шаардлагатай болсон. Тийм учраас энэ хуулийн шаардлага их байна. Тийм учраас Засгийн газар дээр ярьж байгаад энийг гаргаж ирсэн. Энэ хуулийг дагаж нүүрс, алт гэсэн хуулиуд гарахгүй. Хамгийн гол нь орон нутгаас татварыг нь тогтоож, ерөнхий кадастарын албаараа кадастрыг нь тогтоогоод орон нутаг зөвшөөрлийг олгоод явахгүй бол болохгүй. Орон нутаг зөвшөөрлөө гуравдугаар сараас гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл говийн бүсэд гурван сараас барилгын үйлдвэрлэл эхэлж болдог. Үүнийгээ ойлголцоод явчихвал. Тэрнээс биш Ашигт малтмалын тухай хуулинд үүнийг оруулах нь зохимжгүй.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Ашигт малтмалын тухай хууль бол ашигт малтмалын асуудлыг зохицуулаад явдаг хууль. Цаашдаа бид бусад ашигт малтмалтай холбоотой хууль гаргахгүй. Хайгуулын зөвшөөрлийг олгох, шинээр зөвшөөрсөн хууль байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн найруулга гэж явахгүй. Зайлшгүй тулгамдсан асуудлуудад Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын асуудал гэж гарч ирнэ.

Тэр дотор хайгуулын зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулах асуудал бэлтгэгдэж  байгаа. 90-ээд оноос хойш тусгай зөвшөөрлийн асуудал замбараагүй болсон. Одоо бол өргөрөг, уртрагийн солбилцолоор нь хаана болох, хаана болохгүй гэж тогтоож хуульд оруулах ажил бэлтгэгдэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлыг хуулиар хэлэлцэж байгаа нь орон нутагт олон асуудал гарах байх.

Асуудал гарах болгонд Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж байхаар энэ ерөнхий харьцааг зохицуулсан хуулиараа явах нь хамаагүй илүү үр дүнтэй гэж бодож байна. Тийм учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгох эрхийг орон нутагт олгохыг дэмжиж байгаа.

Хэдий зарим гишүүн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байсан ч олонх хэлэлцэх нь зүйтэй гэснээр анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.