Илгээлт
МоАХ-ны дарга Х.Баттулга
2015.04.08

Илгээлт

Та бид хамтдаа 25 жилийн өмнө үзэл бодлоо эвцэлдүүлэн байж шинэ гэр босгосон.

Өөрөөр хэлбэл тэртээ 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдсан МоАХ-ны анхдугаар их хурлын индрээс Монголд олон намын тогтолцооны эх үндсийг тавьж, Монголын Ардчилсан нам байгуулсан тухай зарлан тунхагласан юм. Тус хурлыг хааж МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг хэлсэн үгэндээ "Ардчилсан хувьсгал өрнөх явцад шинэ маягийн нам  МоАН байгуулагдан олон намын тогтолцоог бүрдүүлж, улс төрийн олон ургальч үзлийг хөгжүүлэх нь аль нэг намын ганцаар ноёрхох дарангуйллыг эцэс болгож байгаагаараа түүхэнд гоц ач холбогдолтой үйл явдал болж байна. Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан нам мандтугай" гэжээ.

Их хурлын илтгэлд "МоАН-ын үзэл баримтлалын гол санаа нь хүнийг дээдлэн үзэхэд оршино. Чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй аж төрөх хүслэн хүн бүхэнд заяасан байдаг бөгөөд гагцхүү цөөнх нь олонхоо дагасан, олонх нь цөөнхөө хүндэтгэсэн ардчилсан нийгэмд л уг хүслэн биелдэг" гэсэн нь энэ намын гол үзэл баримтлал болсон юм.

Өнгөрсөн 25 жилд Ардчилсан нам ихэнх хугацаанд нь сөрөг хүчин байж, алдаж, онож, бодлого зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа хэдий ч Монгол Улсаа ардчилсан хөгжлийн замд юутай ч оруулж чадсан. Бид : үнэнийг хэлэх ёстой.

Ардчилсан намын бодлого зорилтыг хэрэгжүүлэх, сурталчлах, ардчиллын үнэт зүйлийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд Монголын Ардчилсан холбооны гишүүд найдвартай ар тал болон нэгэн зорилгын төлөө, нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэж ирснийг үгүйсгэсэн хандлага үр дүнд хүрэхгүй ээ. МоАХ-ны гишүүд, дэмжигчид, тэдний итгэлийг хүлээж сонгогдсон Удирдах зөвлөл, Ардчилсан намыг хүчтэй дархлаатай байгаасай гэсэндээ өдийг хүртэл дутагдал доголдлыг олонтаа хэлж ирсэн билээ.

Ардчилсан намын 25 жилийн ой Шийдлийн Засгийн газар ажлаа эхлүүлсэн түүхэн тун хариуцлагатай үетэй давхцаж байна.2016 оны УИХ-ын сонгууль эх орноо сэхээх шийдэл гаргах сонгууль болно.Ийм хариуцлагатай үед засралаа зөв олж замдаа хамт шуударцгаая.

Цаашид МоАХ Ардчилсан намтай гэрээ байгуулан нэгэн морины хүч нэмэрлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө шударгаар зүтгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна.Гэрээ босгосон шиг босгоё, Туурга дээврээ шинэчлэе, хана униа бэхэлье.

МоАХ-ны дарга Х.Баттулга