А.Бакей: АН 28:48, МАН мажоритар хувилбарыг дэмжиж байгаа
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.03.04

А.Бакей: АН 28:48, МАН мажоритар хувилбарыг дэмжиж байгаа

Хаврын чуулган эхлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улс төрийн намын тухай, Улс төрийн памын санхүужилтийн тухай зэрэг хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэх юм. Энэ талаар байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Танай байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудын бэлтгэл хэр хангагдажбайна вэ?

Хаврын чуулганаар нийт 33 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр УИХ-ын тогтоолыг батлуулсан. Хэд хэдэн чухал асуудал бий. Энэ хаврын чуулганд багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын даргын захирамжаар алсын хэсэг шинээр байгуулагдсан. 2000 оны Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг эргэн харах нь хөндөх гол асуудлын нэг байна. Мөн засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг дахин харах шаардлагатай. Хэдийгээр эрх мэдлийн хуваарилалт одоогийн Үндсэн хуулиар боломжтой болсон ч эргэж харах. засах зүйл.

Өөрөөр хэлбэл олон толгойтой байхаас илүү засаглалын эрх мэдлийг оновчтой хуваарилах, хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хот гэсэн статустай байх тухай хэлэлцэнэ. Түүнчлэн аймгийн Засаг дарга нарыг томилох уу эсвэл иргэдээс сонгох уу зэрэг чиглэлийн асуудлыг зайлшгүй ярих ёстой. Ажлын хэсэг энэ асуудлаар хэлэлцүүлэг явуулна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд ажлын хэсэг ажиллаж байгаа. Цаашид өөрчлөлт оруулах асуудлыг намуудын тохиролцоогоор авч үзэх үү. Эсвэл олон нийтийн саналыг авах уу?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байгаа. Үүнд ямар асуудлыг хөндөж болох, юуг хөндөхгүй байх тухай нарийн хуульчилсан. Тиймээс хуульд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулах байх. Ажлын хэсэг эхлээд чиглэлээ тодорхой болгоё. Дараа нь холбогдох улс төрийн намуудаас болон олон нийтээс тодорхой санал авна гэсэн байдлаар зохион байгуулж байгаа.

-Сонгуулийн тухай хуулийн төсөлд зөрчилтэй ямар зүйл байна вэ?

Сонгуулийн тухай хуулийг батлахаар төлөвлөж, хангаж байна. Хуулийн төслийн анхны хувилбар бэлэн болох шатандаа байгаа. УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулах тухай юм. Мөн сонгуулийн тогтолцооны тухайд УИХ-ын сонгууль холимог, пропорциональ, мажоритар системээр байхуу. Эсвэл сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилт, зардлын эх үүсвэрийг тодорхой зааж өгөх ялангуяа сонгуулийн компанит ажлын зардлыг бодитой төлөвлөх, хамгийн бага хэмжээгээр сонгуулииг зохион байгуулах ямар боломж байна.

Мөн сонгуулийн маргааныг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх зэргийг хуулийн төсөлд тусгасан. Улс төрийн намын тухай хууль байна. Ажлын хэсэг багагүй хугацаанд нэлээд ажил амжуулсан. Чуулганы завсарлагааны хугацаанд ч ажиллана. Үнэндээ улс төрийн намууд өөрийн тогтвортой үзэл баримтлалтай байх ёстой.

Гэтэл улс төрийн намуудын үзэл баримтлал хоорондоо ялгагдахаа байсан. Сонгууль болохоор янз бүрийн амлалт авдаг ч тэр нь эргээд нийгэм, улс төрийн хүрээнд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ асуудлыг илүү тодорхой болгоно. Тодорхой үзэл бодол, баримтлалтай түүндээ харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байх талын зохицуулалт байх хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Намуудын санхүүжилтийн тухай хэр нарийвчилж заасан бол?

Улс төрийн намын үйл ажиллагааны санхүүжилт болон бодлогын санхүүжилт байна. Дээр нь сонгуулийн санхүүжилт байгаа. Хуулийн төсөлд энэ гурвыг хооронд нь зааглаж, тодорхой болно. Улс төрийн намуудын шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг хангах тухай байна.

Мөн намууд төрөөс зохих хэмжээний санхүүжилт авч байгаа. Үүний зарцуулалтыг олон нийтэд ил тод болгохыг илүү тодорхой болгоно. Нутгийн өөрөө удирдах ёсны сонгуульд улс төрийн намын оролцоо байх ёстой юу, үгүй юу зэргийг цаашид ч хөндөнө.

-Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хувилбар бэлэн болсон гэлээ. Ажлын хэсгийн төвшинд сонгуулийн тогтолцоо ямар байх тухайд тогтсон уу?

Энэ хуулийн ажлын хэсэгт УИХ-д суудал бүхий бүх нам, эвслийн төлөөлөл орсон. Санал хураалт явагдаад зөрүүтэй байгаа асуудлаас бусдыг нь ерөнхийдөө тохиролцсон гэж болно. Зарчмын зөрүүтэй цөөхөн асуудал бий. Үүний нэг нь яах аргагүй сонгуулийн тогтолцоо. Намуудын байр суурь үүн дээр ялгаатай байгаа. Тухайлбал, зарим нь өмнөх сонгуулийн тогтолцоо буюу 28:48- ыг дэмжиж байна.

Тодруулбал, 28 нь жагсаалтаар, 48-ыг нь сонгогчдоос шууд сонгох хувилбараар явах нь зүйтэй гэж үзсэн. Зарим нь 100 хувь мажоритар систем байсан дээр гэх мэт хэдэн асуудал дээр зөрүүтэй байгаа учир түр орхисон.. Цаашид намууд, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн зөвшилцөл явагдаж байж батлагдана. Зөвхөн ажлын хэсэг тулгаад энэ хуулийг батлуулна гэсэн ойлголт байхгүй.

МАН- ын зарим гишүүн 100 хувь мажоритар систем байх нь зөв гэсэн санал илэрхийлсэн. АН- ын гишүүд 28:48 гэсэн холимог системээр явахыг дэмжиж байсан. Сонгуулийн системийг ойр ойрхон өөрчлөх нь зохимжгүй. Тогтвортой байлгах нь төрийн ажилд тустай гэсэн байр сууриас гишүүд хандаж байгаа.. Өмнө нь нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг байсан. Үүнийг болиулаад нэг намын өрсөлдөгчид хоорондоо өрсөлдөхгүй байхаар сонгуулийг зохион байгуулах хэрэгтэй гэдэгт ихэнх нь санал нэгдсэн.

-Эдгээр хуулиудыг зэрэг хэлэлцээд явах уу. Ер нь ямар зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн бэ?

Гурван хууль хоорондоо нягт холбоотой. Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль нь Үндсэн хуультай шууд холбоотой. Гэхдээ аль нэгийг нь эхэлж баталчихаад нөгөө хоёрыг нь батална гэхээр хэлэлцэх асуудлууд нь саад болохоор байгаа юм. Тиймээс зэрэгцүүлээд явна.