Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой боллоо
Эх орончдын өдөр
2015.03.02

Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой боллоо

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой, Эх орончдын өдөр өчигдөр тохиолоо.

Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмний эрх чөлөө, эв нэгдэл, язгуур эрх ашгийн баталгаа, бодит илэрхийлэл болсон Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид, ардын хувьсгалын манлайлагчид, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө халуун амь, бүлээн цус, урсах хөлс, улирах амьдралаа зориулсан монголын эх орончид, Ардын намын үе үеийн удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг жил бүрийн улс орон даяар хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг.

Ойг тохиолдуулан Монгол Ардын нам Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, ёслол хүндэтгэлийн хурал зохион байгуулан, бөхийн барилдуулдаг уламжлалтай. Тодруулбал, Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан хонин жилийн анхны барилдаан болж байгаагаараа ихээхэн онцлогтой аж.

Харин уламжлал ёсоор өчигдөр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа тэргүүтэй дарга удирдлагууд, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн МАН, орон нутгийн намын хороо, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон гишүүд дэмжигчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эх орончдын өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг нээж Монгол Ардын намын дарга М.Энхболд үг хэллээ.

Тэрбээр 2014 оны хугацаанд Монгол Ардын Намаас хийж хэрэгжүүлсэн ажил, улс эх орны, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар тавьсан илтгэлдээ “Монгол орны тусгаар тогтнолыг сэргээн мандуулах, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулах, ард түмнээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдруулахын төлөө ардын хувьсгалыг удирдан манлайлсан хүчин бол Монгол Ардын Нам бөгөөд манай улсын тусгаар тогтнолын болон их бүтээн байгуулалтын манай намын түүхтэй салшгүй холбоотой гэдгийг онцлохыг хүсч байна...

Эх орончдын баярын энэ өдөр туршлагатай, тулхтай улс төрийн ууган хүчний хувьд манай нам өнгөрсөн түүхэн үед байгуулсан гавьяа, ололт, амжилтаараа бахархахын зэрэгцээ өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашдын зорилтоо тодорхойлох үүрэг, хариуцлагатай улс төрийн хүчин гэдгээ ухамсарлах ёстой” гэдгийг онцолсон юм.Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн намын хороодын төлөөлөл, гишүүд дэмжигчдээс бүрдсэн 800 гаруй хүн оролцсон юм.